
Улсын заан Р.Давааням 2006 оны өвөл автын ослоор бурхан болсноос хойш түүнийг үгүйлэх, өрөвдөх, хайрлах, бахархах, дурсах хүн нэг биш таарсаар өдий хүрлээ. Гунигт мэдээг сонсонгуут нийтийн жишгээр сэтгэлийн зул болгож цөөн мөр дурсамж бичмээр санагдаад үзэг цаас авсан хэдий ч үсэг тавьж чадахгүйгээ мэдэж билээ, тэр үед.
Улсын даян аварга С.Цэрэн, аварга Д.Хадбаатар, улсын заан Ё.Ишгэн нарынхаа гэгээн дурсгалд зориулан Р.Даваанямын бичсэн гурван шүлгийг “Миний мэдэх 50 нас” номоос саяхан дахин уншсаныхаа дараа тэнгэрт хальсан эрхмийн тухай бичилгүй алгуурснаа гайхав. Түүний тухай бодлоо.
Нэг өдөр утасдаж байна аа, тэр жил:
-Таны бичсэн номоос илүү сонирхолтой сайхан бүтээл зэхчихээд байна. Насаараа сонинд ажиллаж байгаа хүн байна. Алдаа мадгийг нь анхаараад нэг уншаад өг. Хөлс шанг нь мөнгөн бус хэлбэрээр мөдхөн төлнө.
Та ажил дээр гүйгээд ирэх үү? гээд инээж байна, заан.
-Үүрэг даалгаварыг гүйцэтгэхийг хичээе. Машин унаатай залуу хурандаа руу майжигнаж явдаг хөгшин биш шүү. Би ч бас ажил дээр байна.
-Уучлаарай. Чулуун гуай. Одоохон би очлоо, тоглосон юм.
Тэгээд л би шинэ номын анхны уншигчийн нэг болж таарав. Уншсаных бодол санаагаа хэлэхээс биш яахав.
-Номын чинь нэр нэг л биш ээ. Өөр сайхан нэр өгье. Шүлгэн дотроос мөр сонгоё гэхчилэн ярихад:
-Та сэтгүүлч, би цагдаа. “Миний мэдэх 50 нас” нэртэй ном хэвлүүлэх гэж би энэ бүх ажлыг сэдэн эхлүүлж, цэгцэлж дөхлөө. Цаашдаа миний мэдэх 60, 70 нас ном хэвлүүлэх санаатай. Номын нэрийг бол солихгүй. Өөр санал байвал хэл гэхээр нь.
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Красноярск хотод үзсэн тухай аян замын тэмдэглэл, 2005 онд Токио-Лас-Вегас-Нью-Йорк-Сөүл дамжин аялж сүмочдын тоглолт болон бас бус юм үзсэн тэмдэглэлээ сонинд орсноос арай дэлгэрэнгүй болговол ном чинь улам уншууртай болж мэднэ. Шүлэг олон юм шиг санагдаж байна. Өнгөт зурагтай ном болох биз.
-Тийм, тийм. Өнгөт зурагтай хэвлүүлнэ. Таны саналыг ойлголоо. Хэрхэн шийдсэнийг шинэ номоос удахгүй үзээрэй гээд нэгэн уулзалт өндөрлөсөн удаатай. Төдөлгүй шинэ номтойгоо, Алтайн арвайн гурил, нутгийн шимийн архитай ирж:
Р.Чулуун ахдаа:
Р.Давааням дүүгээс чинь IX/07.06 г гэж номын дотор нүүрт бичиж өгөөд явснаас хойш бид ахин уулзаагүй юмаа, хөөрхий.
Бидний анхны уулзалт 1975 онд тохиосноос үүдээд бодвол хагас жарны үйл явдлаас энд өгүүлмээр.
Эхлээд барилдааны тухай бичихэд тулах нь:
Спортынхны хувьд 1975 оны ууган тэмцээн өсвөр үеийнхний үндэсний бөхийн барилдаан байсан. Тоолбол нас, төөлбөл нуруу чацуу залуусын барилдаанаас 26 давсан амжилтаараа Говь-Алтайн Давааням түрүүлж, аваргын алтан медалиар мялаалган БНМАУ-ын “Тулгат” цолтон болсон түүхтэй. Алтайгаас гайгүй бөх гарах нь ээ хэмээн бөх сонирхогч нар урамтай байсансан. Үндэсний барилдааны дараахан залуучууд чөлөөтөөр хүч сорих ээлжтэй байж. Чөлөөтөөр түүнтэй тулах залуу бараг харагдсангүй.
“Хөдөлмөр” нийгэмлэгийн Данзан багш Намширынхаа заасан цөөнгүй мэхийг хийсэн хэдий ч бяр нь дутаж цэвэр даруулснаар Р.Давааням бас нэг алтан медальтай болоод нутаг буцсан. “Тулгат” бөх сонирхогчдыг хэдэн жил хүлээлгээд 1980 оны наадмаар зургаа давж, долоогийн даваанд дархан аварга Х.Баянмөнхийг дийлэлгүй чимэгтэй начин болсон бөх.
Начин болохдоо тэр тав биш зургаа давж байсан бол заан болохдоо бүр 30 давсан удаатай.
Монголын бүх ард түмний VIII спартакиадын үндэсний бөхийн шигшээ барилдаанд 1987 онд 33 хүчтэн бяр сориход тэр 30 давсан амжилтаараа улсын заан болж байлаа. Улсын наадамд долоо даваад заан болчихдог бол бүх ард түмний спартакиадын шигшээ барилдаанд ( 7х4=28 бас дээр нь хоёрыг нэмээд=30) гуч даван заан болсон нь содон амжилт юмдаг.
Нэг биш дөрвөн зааны дайтай амжилтаар Монгол Улсын заан цолтны эгнээнд багтсанаар нь содон гэж тодотгов. Шигшээ барилдааны өдрүүдэд Р.Даваанямд унасан гучин бөхийн нэрийг энд жагсаавал нэлээд сунжрах нь. Тэр өдрүүдэд дархан аварга Д.Цэрэнтогтох арслан М.Мөнгөн, заан Ө.Тулгаа, Д.Амгаа, С.Хүрэлбаатар, З.Дүвчин, Ё.Ишгэн нарыг начин Р.Давааням хаяж байж заан болсон түүхтэй. Энд долоон бөхийн нэрийг л бичлээ. Цаана 23 бөх үлдсэн.
Дархан аварга Ж.Мөнхбат олон жилийн өмнө:
-Бөх хүн аатай зоримог байх нь дээр. Хэт хаширлах сайнгүй. Давааням заан ухаантай нь дэндээд хэт хаширлаад байгалаас заяасан боломжиндоо хүрээгүй. Ийм бяртай, чацтай бөх зоримогхон золгоод татаж авчраад мэхээ гүйцээвэл хэнийг ч залж орхино. Сайхан бөхдөө гэж хуучилсан удаа бий.
Аваргын энэ ярианы өнгө зааныг үзүүр түрүүнд хүрч болохоор явсныг тодотгох биз. Заан хашир хэрсүү нь үнэн. Өөрийнхөө хүч бололцоог бодитой үнэлж явсан нь ч үнэн. Чөлөөт барилдааны шигшээ багт хоёрхон жил хичээллээд сайн дураараа гарчихсаны нь дараа уулзахад,
-Бэлтгэл дасгалаас өөр юм хийхгүй цалинтай хоёр жил боллоо. Харин юм бодох завтай байлаа. Улсын аварга болоод алтан медаль зүүчихлээ. Спортын мастер цолтны эгнээнд багтаад авав. Олон улсын тэмцээнд бас хэд барилдаад үзлээ. Ингээд шигшээ багийн тамирчны нэрээр бэлэн хоол, зохих цалинтайгаар бэлтгэл дасгал таслахгүй хэдэн жил аж төрөх хувилбар байж л байлаа. Бодоод байхад дэлхийд зартай бөх болох минь хол бололтой.
Ер нь улсдаа хөдөлмөрлөе. Хөдөлмөрөөрөө гэдсээ, гэр бүлээ тэжээе гэж шийдлээ. Цагдан сэргийлэх байгууллага янз бүрийн нэртэй ч, энд над шиг эр хүний хэрэг байдаг юм байна. Эдийн засгийн дээд сургууль дүүргэсэндээ тулгуурлаад Улаанбаатар хотын цагдаагийн газарт өмчийн төлөөлөгчийн албатай, дэслэгч цолтой болчихоод сууж байна гэж явсан залуу хурандаа болтлоо дэвшсэн.
Р.Давааням биеийн тамиртайгаас илүү оюуны бядтай бөх явлаа. Тэр төрмөл, таримал ухаантайсан. Тарималд хамааруулж хэлэхэд АУДуС-ийг 1976 онд, МУИС-ийг 1982 онд, Цагдаагийн академийг 1996 онд, ОХУ-ын ДЯЯ-ны удирдлагын академийг 2004 онд төгссөн нь оюуны бядаа эрхэмлэн нэмсээр явсны илэрхийлэл лавтайяа мөн. Монголын бөхчүүд дотроо төгссөн сургуулиараа ч, төрмөл ухаанаараа ч толгой цохиж явсантай хэн маргах билээ.
Бөхийн хувьд шинэ зам гаргагчийн нэг нь. Бөхийн өргөө, бөхийн холбоог тойрсон яриа хөөрөө, магтаал зэмлэл мундахгүй. Түүний учиг Р.Даваанямтай шууд холбоотой. Дээрх сэдвээр яригчдын дийлэнх нь Р.Нямдорж, Д.Данзан хоёрыг юм юманд барьж унадаг болж.
Монгол Улсад үндэсний бөхийн холбоо үүсгэх санааг хамгийн анх сэдэж хүн хүнтэй ярьж явсан эзэн нь тэр. Намайг “Үнэн” сонинд ажиллаж байхад утасдаж, шинэ санаагаа хэлэхэд нь ерээд онд янз бүрийн холбоо байгуулагдаж байснаас төвөгшөөгөөд, бөхчүүл та нарын ажил юм даа. Ах нь одоогоор завгүй энэ тэр болоод мултарч явлаа.
Үнэнийг хэлэхэд түүний санаачилгыг дорвитой дэмжээгүй хэрэг л дээ. Алив ирээдүйтэй ажил үйлс түмний дэмжлэг хүлээдэг жамаар Монголын үндэсний бөхийн холбоо үүсэн бүрэлдэж ажил үйлс нь түмэн бэрхшээлийн дунд олны танил болсон. Түүний санаачилгаар үүссэн бөхийн холбооныхон Монгол Улсыг Бөхийн өргөөтэй болгосны 10 жилийн ойг тэмдэглэх ажил өрнөж буй энэ өдрүүдэд Давааням зааныхаа тухай эдгээр мөрийг эвлүүлж сууна. Шинэ холбооныхноос одоогоор лавтайяа гавьяат цолтон нэг биш тодорч алдаршлаа. Дахиад ч нэмэгдэх нь лавтай.
Заан маань гурван хүүгээ бөх болгоно гээд сууцныхаа нэг өрөөнд эсгий дэвсчихээд тэднийг эрхлүүлж явсан нь талаар болсонгүй. Ууган хүү нь аймгийн, дунд хүү нь улсын цолтой барилдаж байна. Отгон нь Японд Ама нэртэй барилдсаар зааны эрэмбэтэй болчихож. Бямбадоржийг сүмогийн цолтой бөх болсны дараахан,тэр:
-Давааням зааны хүү гээд барилдаж эхэлсэн юмсан, манай отгон. Одоо зарим хүн намайг Амагийн аав гэх болж байна. Бид хоёрын тодотгол солигдох нь ээ дээ гээд инээж суусан сан. Хүүгээрээ бахархаж явсны нэг илэрхийлэл тэр. Лхагвадоржийг цэргийн арслан болсны дараа Москвагаас ирээд:
-Хүү минь намайг эзгүйд цолтой болчихож. Би баярлаж байгаа. Энд байхад цэргийн наадамд түрүүлчихсэн бол хар хэлтнүүд Давааням л арслан болгоо биз. Тэрний түрүүлэх ч гэж юу байхав. Начин болох холдоо гэлцэнэ биз. Ууган хүүгээ бас барилдуулж байгаа. Наанадаж аймгийн цолтой яваг. Бөхийн нөмөр нөөлөг сайхан. Барилдаж байж л эр хүн төлөвшинө. Эрийн хат суухад зодог шуудаг өгөөжтэй, тийм үү? гээд намайг харцаараа ээрч суусан нь саяхан л юм шиг.
Зодог шуудагтай эрчүүдийн нэг сор явсан зааныдаа цэргийн баяраар шатрын өвөрмөц багийнхан очиж бичил тэмцээн зохиогоод сүмо үзэж таарлаа. Ама тэр өдөр озэки Чиётайкайг ялж биднийг баярлуулав. Ээж нь хүүгийнхээ барилдааныг өөр өрөөнөөс үзнэ гээд гүйгээд гарсан тул сэтгэлийн догдлыг нь бүрэн ажигласангүй ээ.
Биднийг хөдлөх гэж байтал Ама ээжтэйгээ утсаар ярьж, бичил тэмцээний дүнг сонирхоод Н.Дүгэрсүрэнд баяр хүргэж, түүнийг бүр төвийлгөж өглөө. Цайны шатарчдын тэмцээний дүнгийн хүснэгт Амагийн аавынд бас нэгээр нэмэгдэж үлдэв. Энэхүү дурсамж тэмдэглэлийг улсын заан цолны хүндэтгэлийн барилдааныг зурагтаар үзэнгээ өндөрлөж таарах юм гээч.
СГЗ,Сэтгүүлч Р.Чулуун
Сэтгэгдэл (3)