

Сонгуулийн чимээ наашлах тусам улстөрчид яавал олон түмний сэтгэлд яв цав нийцэх вэ гэж тархиа гашилгаж байх шиг. Өчигдөр М.Зоригт гишүүн өнгөрсөн социализмыг санагалзан хуучны пионер болж патиардуулсан бол өнөөдөр Бурмаа сайд малчны хотоос фейсбүүкийн найзуудтайгаа мэндчилэв. Хөдөө аж ахуйн сайд хүн болохоор малд хайртай гэдгээ илэрхийлсэн бололтой. Хэдэн хөөрхөн хүүхэд,нялх ишигнүүд түүнийг чимжээ. Өмнө нь Боловсролын сайд. Л.Гантөмөр морин хуур тоглож олныг баясгасан, УИХ-ын гишүүн Эрдэнэчимэг суялзанхан бүжиглэсэн, Уянга уянгалуулан дуулсан гээд тоочвол авъяасаа нээж үзүүлээгүй хүн цөөн үлдсэн. Цэрэг хувцас, пионер малгай ба галстуг, жудогийн хувцас гээд арай л толгой дээрээ тоорцогтой гарч ирсэнгүй. Ямар сайндаа хүүхдийн баяраар памперстай, Мартаар марзан эрчүүд даашинзтай зураг авахуулах вий гэж сонгогчид нь санаа зовж байхав дээ. Улстөрчид учраа олохоо больжээ. Элдэв янзын позтой зураг авахуулж байснаас Гарьдхүүгийн Баярсайхан, Ухнаагийн Хүрэлсүх хоёр шиг Төрийн ордонд зодолдчихвол сайн пиар болж мэднэ. Гар зөрүүлнэ гэдэг хаана ч байдаг зүйл. С.Баасанхүү шиг жүдоч болон жүжиглэж, С.Ганбат шиг жоохон бор цэргийн дүрд хувилж байснаас байгаа байдлаа үзүүлчихсэн нь дээр. Фейсбүүкчид одоо хэн гэдэг улстөрч ямар пиар хийх бол, бүтээсэн дүр нь хэр зохих бол хэмээн тэсч ядан хүлээдэг болсон. Харин уран сайханжсан дүр бүтээх үү, улстөржсөн дүр бүтээх үү гэдгийг тэдний сэтгэлийн чин зориг мэдэх хэрэг.

Сэтгэгдэл (9)