
Н.Дөл
Монголын цагдаа хэдэн өдөр мөрдэстэй “ноцолдов”. Төрийн төмөр нүүр болж явдаг цагдаагийн зарим нь цол ахиж, зарим нь цол буурч нэлээд бужигнав. Цэргийн хүнд цол ахих нь баяр хөөр. Гэтэл 1035 хүн нэг өдөр нэг тушаалаар цолоо хураалгаж доошлов. Гэхдээ албан тушаалын цолыг зөв гольдролд нь оруулсан Хууль зүйн сайдын шийдвэртэй маргах хүн гарсангүй. ЦЕГ-аас цагдаагийн цол олгох журамд хийсэн өөрчлөлтийн дагуу цолны асуудлыг цэгцлэв. Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг үндэслэн Хууль зүйн сайдаас “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ыг өнгөрсөн гуравдугаар сард баталж гаргасан. Уг тушаалаар албан тушаалын цолд шилжсэнээр нэг алгасуулан олгосон цагдаагийн цолыг журамд заасан хугацаанд нийцүүлэх, албан тушаалын цолд шилжсэнээр урьд хэрэглэж байсан буюу Цагдаагийн байгууллагын тухай хуулиар олгосон цагдаагийн цол нь буурсан алба хаагчдын цолыг сэргээн олгохоор тус тус шийдвэрлэж, тушаалыг хэрэгжүүлж, мөрдөн ажиллахыг ЦЕГ-ын даргад даалгасан байна. Дээд газрын шийдвэрийг дагаж ажиллахгүй гэх эрх төрийн хүнд зохихгүй тул журмыг сахисаар өнөөдрийг хүрчээ.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд албан тушаалын цол хэрэглэж байсан нийт 1035 алба хаагчийн цолыг хурааж, шинэчлэн баталсан журамд нийцүүлэн зохих цолыг олгожээ. Журамд нийцүүлэн албан тушаалын цол бууруулсан 1035 алба хаагчийн 11 нь цагдаагийн хурандаа, 41 нь цагдаагийн дэд хурандаа, 139 нь цагдаагийн хошууч, 844 нь цагдаагийн ахмад цолтой байсан аж. Залуухан дарга нар олноороо цол буурсан нь төрийн шийдвэрийг дагасных.
Албан тушаал буурахад цол нь буурсан 402 албан хаагчийн цолыг сэргээн олгосон байна. Цагдаад насаараа зүтгэчихээд эрүүл мэндийн байдлаас эсвэл тэтгэврийн нас ойртсоноос албан тушаал буурч ажиллаж байсан хүмүүс тэдний олонхи нь аж. Өмнө нь цагдаагийн хурандаа цолтой байсан 19 хүн цолоо буцааж зүүжээ. 113 алба хаагчийн цагдаагийн дэд хурандаа , 187 ажилтны цагдаагийн хошууч, 65 ажилтны цагдаагийн ахмад, 18 хүний цагдаагийн ахлах дэслэгч цолыг сэргээсэн байна.
Шинэчилж өөрчилсөн журамд цагдаагийн алба хаагчдын “албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан” цагдаагийн цол олгох, цол олгохыг хойшлуулах, цагдаагийн цолыг бууруулах, түр хураах зэрэг зохицуулалтыг зааж өгсөн байна. Цагдаагийн ажилтнуудын ярьж буйгаар, насаараа цагдаад ажиллаж хэцүү хатуутай үзэлцсээр нас ахих цагт гэнэт албан тушаал буурч ажиллахад том цолоо жижгээр солих нь сэтгэлзүйн хувьд тийм ч таатай биш байсан аж. Хэдийгээр цол буурлаа ч цагдаа цагдаагаараа дуусдаг болохоор дассан газраасаа холдож чаддаггүй гэж цолоо буцааж авсан хашир цагдаа ярьж байв. Албан тушаалын цолыг олгож болно,гэхдээ ямар нөхцөлд олгохыг нухацтай бодмоор байгаа юм гэж цагдаад залуу насаа элээж, 20 гаруй жил мөрдэс зүүж яваа ахмадууд онцолж байсан.