

Сүүлийн үед манайхаан Итгэлт хамбад очиж хүслээ шивнэх болсон. Тэгвэл МУГЖ Н.Батцэцэг олны жишгээр Итгэлт хамбад аялаад ирсэн талаар өөрийн цахим хуудсын найзууддаа ийн сонирхуулжээ.
"Рагуса Тур" компаний зохион байгуулсан Итгэлт хамбын аялалд яваад ирлээ. Уг нь өөрийнхөө тэргээр явах гэж төлөвлөж байсан боловч Улаан Удэд машин унаа алдаж байгаа тухай найз нөхөд сэрэмжлүүлсний дагуу энэ компанийг сонгов. 3 шөнө 2 өдөр 240,0 төгрөг юм байна. Явах өглөөнөө 6 цагт товлосон газраа иртэл 40 хүний суудалтай дулаахан автобус хүлээж байв. Өмнө нь мөнгөө тушаахдаа гэрээ байгуулсан тул гэрээн дээр бичигдсэн дугаараар суудалдаа тухлан хөдөлцгөөв. Аяллын группыг ахалж явсан Эрдэнэбаяр хил давуут түүхийн дурсгалт газруудын тухай домог, түүх үүхийг ярьж Итгэлт хамбын тухай маш сонирхолтой баримт ярьж байлаа.

Итгэлт хамба 1927 онд ертөнцийн мөнх бусыг үзэх гэж байгаа тухайгаа өөрийн шавь нартаа хэлжээ. Үүний дараа хэлсэн ёсоор бүх юм болж шавь нар нь хамбын захиснаар түүнийг очир завилуулж, хуш модоор хийсэн хайрцагт хийн оршуулжээ.
Ингээд 2002 онд хамбын гэрээслэлийн дагуу анагаахын эрдэмтдийг байлцуулан хайрцгийг нээхэд бие нь ямарч өөрчлөлтгүй амьд сэрүүн хүнийх шиг очир завилгаатай байжээ. Өдгөө Итгэлт хамбын уураг тархийг амьд гэцгээдэг. Тэрээр, өөрийг нь зорьж ирсэн хэний ч хэрэг зоригийг бүтээж өгдөг тул хүмүүсийн цуваа тасардаггүй юм гэнэ лээ. Харин түүнээс эд мөнгө гуйвал хүлээж авдаггүй гэсэн. Энэ талаар аяллын ахлагч Эрдэнэбаяр бидэнд сануулж байсан юм. Хамбад мөргөхөөр Балжинням Дашнямтай ч юмуу онцгой өдрүүдэд очвол мөргөлчид олширч шахцалдан яаруу сандруу мөргөдөг гэлцдэг. Энэ удаад тийм юм байсангүй ээ. Өндөрт байрлуулсан шилэн хоргонд завилсан Итгэлт хамба тонгойн биднийг сонсох гэсэн мэт нэг л сайхан байлаа. Би ч зорьсон хэргээ гүйцээж ажил алба, үр хүүхдээ даатган тухтайхан залбирч авав. Сониноос, тэнд байсан нэг ламын ярьснаар: Олон мөргөлчид ирсний дараа Итгэлт хамба ядраад духны нь хөлс чийхардаг гэсэн шүү.

За одоо аяллынхаа талаар эргээд бичье. Хамбын мөргөлийн дараа бид үдийн хоолоо "Гэсэр" хэмээх тухтай буудалд идээд Арбатын гудамж, их дэлгүүр, худалдааны төвөөр оров. Эрдэнэбаярын туслах Отгоо ахмад настнуудад тортой юмыг нь автобус руу зөөж өгч байдгаараа тусалж байв. Жолооч ч ялгаагүй чемодан савыг уриалагахан гаргаж өгч зөөж тусалж байсан нь бахадмаар. Тэнд зөгийн бал 1кг нь манайхаар 6000 төгрөг орчим байдаг юм байна. Хүмүүс дэлгүүрээс маргаашийнхаа аршааны конистрыг авцгаасан. Тэнд 10л-ийн конистр 103 рубль гээд байдаг юм байна. Ингээд маргааш өглөө нь бид хамбын аршаан дээр саатаад нутаг руугаа хөдөлсөн юм. Энэ үед бүгд л үзэж харснаа ярьж инээж хөхөрч бөөн шуугиан болж байв. Бидний аяллын цагийг нягт сайхан зохицуулж, тав тухтай, сонирхолтой байлгаж авч явсан Рагуса компанийхандаа их баярлалаа. Та бүхний алтан шар зам өлзийтэй байж олон олон хүний зүрх сэтгэлийн үгийг хамбад хүргэж хүсэл мөрөөдлийг нь биелүүлээрэй. Миний хуудсаар зочилсон эрхэм Таны хүсэл ч Итгэлт хамбад мөргөсөн мэт биелэг!







Сэтгэгдэл (1)