Гүрвэлийн хөсрий ясыг зайлуулж, Буддын соёлыг дэлгэрүүлэх аж

Н.Дөл

Социализмын үед Монголд В.И.Лениний музей байгуулахгүй бол Монгол,Зөвлөлтийн ах дүүгийн найрамдалд сэв сууна гэж тэр үеийн дарга нар ихэд сэрэмжилснээр уг музейг байгуулсан түүхтэй. Харин ардчилал,эрх чөлөөгөөр  амьсгалж эхэлснээс хойш Ленин моодноос гарч хөшөөг нь буулгаж,музейг нүд үзүүрлэх болсон.

Он жилийн уртад Лениний музей хоолны газар, намын байр,оффис, ломбард,дэлгүүр ер нь юу эс болсныг хэлж барахгүй. Барилгыг нь булаалдаж хэдэн жил “сэгээ хуваах” шахсан.

Хэрүүл зарга арайхийж нэг тийшээ болоход Үлэг гүрвэлийн музейг тэнд байгуулсан. Соёлын сайд байсан Ц.Оюунгэрэл монголчуудын соёлыг дээшлүүлэх  гэж ажил авсан анхныхаа өдрөөс хичээсэн. Тэрээр үлэг гүрвэлийн араг яс цуглуулах аян эхлүүлснээр тус яамны ажилтнууд арай л үхсэн гүрвэлийн хөсрий яс мэрэх дөхсөн. Манайхан ёстой сонин улс. Ц.Оюунгэрэлийг огцронгуут тэр араг яс шиг цагаа олоогүй үзмэр Монголд алга, түүнээс  илүү чухал юм байна гэдгийг зарласан.  Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж   В.И.Лениний музей  буюу Үлэг гүрвэлийн музейг өөрчлөн шинэчлэл хийхээр төлөвлөсөн гэдгийг хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Тэрээр хэлэхдээ “Ер нь бид  хот байгуулалтын буюу барилга байгууламжийн талаар шийдвэр гаргахдаа мэргэжлийн бус шийдвэр гаргаж ирсэн. Энэ алдааг засч, мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг гаргаж хийсэн төслөө танилцуулж байна. Монгол улс энэ жил Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойг тэмдэглэхээр шийдсэн. В.И.Лениний музейн өмнө Ерөнхийлөгчийн санаачилгаар Богд хааны хөшөө барихаар шийдвэр нь гараад батлагдсан байгаа. В.И.Ленин музей бол музейн зориулалтаар баригдсан барилгын хийцийн хувьд Азидаа дээгүүрт ордог. Монгол архитекторын ур ухаанаар баригдсан энэ барилга үндэсний болон Европын хэв маягийг тусгасан бүтээл байгаа юм” гэж онцолсон юм. Түүний ярьснаар, бид удахгүй  Азид ховорхон Буддын соёлын музейтэй болох нь дамжиггүй болжээ. Буддын соёлын музей болгон өөрчлөх төсөл хийхээр болсон бэ гэвэл манай улсад буддын соёл олон зуун жил дэлгэрсэнтэй холбоотой аж. Буддын соёлыг дагасан урлагийн бүтээлийг олон түмэнд үзүүлбэл хэдэн сая жилийн өмнө үхээд араг яс үлдсэн гүрвэлээс дээр гэж  Буддын соёлыг дэлгэрүүлэгчид тооцсон бололтой. Энэ байшинд  Үлэг гүрвэлийн музей  байх тохиромжгүй. Харин соёл  урлагийн музей байвал маш сайн тохирно гэж соёлыг түгээгчид үзэж байна. Нийт 4712 ам метр талбайтай уг барилгын давуу тал нь архитектурын хувьд өөрчлөлт орохгүй. Буддын музейд Богд хааны сүрлэг хөшөөг тавина, үзмэрүүдээр тохижуулж гадна дотор загвар хийцийг шинэчилнэ. Өмнөх талбайд нь хоёр давхар автомашины зогсоол, үйлчилгээний төв бүхий  байгууламж хийнэ. Энэ талбайг хийхийн тулд 10 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийх юм. Энэ мэтчилэн хийх ажлын урт жагсаалт хөвөрч байна. Харин Үлэг гүрвэлийн музейг  Тэрэлж хүрэх замд байдаг Мэлхий хадны хойно байгуулахаар төлөвлөжээ. Палентологийн олдвороороо Монгол Улс дэлхийд нэгд ордог ч тэрнийгээ танилцуулж, үзүүлэх хэмжээнд зохион байгуулж чадаагүй. Тэнд музей байгуулснаар жуулчдад үзүүлэх юмтай болох ирээдүй харагдаж байгаа аж. Юутай ч Ц.Оюунгэрэлийн сайд байхдаа хийсэн гол ажил үнэ цэнээ алдав. Удахгүй Лениний музей гэх барилгаас хөсрий яснуудыг гаргаж,бурхан шашны мүзей үзмэрээр дүүргэх цаг ирэх нь. Богд хааны музей, Чойжин ламын музей, хуучин циркийн барилгыг арай л хог болгочихоогүй эрхмүүд буддын соёлыг оройдоо дээдлэхээр шийдсэн нь цаанаа учиртай байж мэднэ.
 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • хэхэ (202.5.196.170)
    Гүрвэлийн хөсрийн яс гэнээ хөсрийн гэдэг нь чиний л үг байх
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.142.97)
    ene Natsagdorjiig shorond xiix tsag ni bolson dandaa xyyli bys yum xiine 3-r xoroolold ene xunii xyyli bus zovshoorol ogsnoor buxel buten 12 davxar bair nyrj ynaxad belen bolchixood baina .Batuul gej bas neg xylxi noxor tsyg ogtsorox xeregtei .Xyyli bys gazar olgoson xun ogtsorno gej xelsen xylxi baatar yasan be
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.170.71.77)
    засаг солигдход түйвээх юмаа
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (119.40.100.26)
    Төвд,Энэтхэг гээд жинхэнэ бурхан шашины амьд төвүүд байхад бурхан шашины музейг хүн ирж үзэх үү? Богдод зориулсан 2 хөшөө байх юм уу? Ерөнхийлчийн санаачилсан нь гадаа төслийнх нь дотор байх уу? Алтанхуягийн ЗГ-н хийсэн болгоныг эвдэж нурааж байна даа. Хэзээ аймгууд руу тавьсан замаа хуулах гээд зогсож байх болдоо
    2015 оны 03 сарын 25 | Хариулах