
Н.Наран

Өнөөдрийн ам.долларын зарласан албан ёсны ханш 1,992.63 төгрөг байна. Харин “Найман шарга” зах дээр ам.долларын зарах ханш өчигдөр 1,993.0 төгрөгт хүрсэн байв. Гэтэл “ноён”доллар хязгааргүй рүү хурдлахтай зэрэгцээд ханш бууна гэсэн мэдээ чих дэлсэв.
Гаднаас Монгол руу ирэх валютын урсгал татраад удаж буй. Гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ бууруулсан болохоор монгол төгрөг сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа өвчтөн шиг болсон. Үүнийг бүгдээрээ мэдэж байгаа. Ялангуяа долларын зээлтэй хүмүүс сүүлийн хоёр жилийн турш тамираа барж байна.
Ойр хавьд сонсоогүй чихэнд чимэгтэй мэдээ дуулдах нь юутай таатай. Энэ нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар хөрөнгө босгох ажил хийж байгаатай холбоотой аж. Одоохондоо гэрэл цохиулахгүй байхыг бодвол учиртай даа учиртай.
Засгийн газар хоёр тэрбум гаруй ам.доллар босгох боломжийг бий болгосон аж.Ийм сайн мэдээ ойрд сонсоогүй Монголчууд ханцуйдаа залбирч эхлэв.Хэрэв Ч.Сайханбилэг ингэж чадвал гүйцэгдэхгүй хурдлаад байдаг “ноён” долларыг “бугуйлдаж” чадна. Түүнийг ард олноороо үндэсний баатар мэт хайрлаж хурайлна.
Үнэндээ манай улсын эдийн засаг долларжсоор удсан. Байрны ам метрийг хүртэл ногоон дэвсгэртээр тооцоолдог, зарим хүн цалингаа төгрөгөөс ам.долларт шилжүүлж ганц хоёр валют ч гэсэн цааш нь хийхийг оролдох болж. Уг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ам.доллараар худалдаа наймаа хийхийг хориглосон хуультай. Тэгсэн атлаа ам.доллараар хадгаламж, зээлтэй байж болно гээд хуульдаа заачихсан. Нааш харж “боль” гэж хориглоод цааш харж зөвшөөрдөг хоёр нүүртэй төрийг ойлгоход бэрх.
Тэгэхээр Монголын эдийн засаг тэр чигээрээ ам.доллараар “үерлэсэн” хямрал дагуулахаас өөр яалтай. Аль ч банкны долларын зээлийн хүү төгрөгийнхөөс бага харагддаг тул хүмүүс олноороо ам.долларын зээл рүү хошуурч гэнэддэг.
Ингээд л долларын зээл авсных нь хохь болоод өгснийх нь олз болоод өнгөрдөг жамтай ноитой болсон. Гурван жилийн өмнө “ноён” долларыг 1350 орчим төгрөгтэй тэнцэж байхад зээл авсан хүмүүс өнөөдөр ёстой элэг дөрвөөр мөлхөж байна.
Хуулиараа валютын зээл олгохыг зөвшөөрчихсөн болохоор хууль ёсны дагуу иргэдээ хохироож байгаа бодлогыг хичнээн шүүмжлээд юу ч олж долоохгүй. Уг нь төр шиг төртэй бол хохироод байгаа иргэдээ өрөвдөх цаг болох нь болсон.
Монголчуудын амьдрал өөдөө гарах уу, уруудах уу гэдгийг зөвхөн “ноён” доллар шийддэг болоод удаж буй. Монгол айл ямар хоол идэх, хүүхэд нь хэр цатгалан байхыг доллар гуай л мэднэ. Хэрэв долларын ханш өсөөд байвал аяганы хэмжээгээ багасгахаас өөр ямар ч арга байхгүй.
Ер нь бүгдээрээ бүсээ чангалаад л яваад байгаа. Долларын зээлтэй иргэн Дорж, Дондогийн амьдрал өдрөөс өдөрт доошилсоор хэцүүдэж байгааг төр, банк,теллер хэн ч тоохгүй,зөвхөн өрөө төлөхийг шаардана.
Өөрийн гэсэн амьдралаа босгож ,бусдаас дутахгүй амьдрах гэсэн чин хүслээр орон сууцны зээл авсан иргэн Дорж ингэтлээ туйлдана гэж бодсонгүй. Тэрээр орон сууцны долларын зээлтэй. Анх зээл авахад долларын ханш 1400 төгрөг рүү дөхөж байсан. Тэгвэл өнөөдөр “ноён” доллар 2000 руу хурдалж явна. Ногоон эрхэм цааш харайлгах тусам Дорж хөлсөө дуслуулан араас нь нэхнэ. Гэвч хэзээ ч гүйцэхгүй. Ийм маягаар амьдарч байгаа хэдэн мянган зээлдэгч Монголоор дүүрэн байна.
Дэлхийн хамгийн чанаргүй валютаар төгрөг шалгарсныг “Блүүмберг” зарласан. “Морган Стенли” олон улсын банк ч бас төгрөгийн худалдан авах чадварт хамгийн муу дүн тавьсан. Хөөрхий төгрөг хэзээ хэзээгүй амьсгал хурааж мэднэ гэсэн айдас хүн бүрийг түгшээж буй.
Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа “Валютын ханшийг хөөрөгдөөд байгаа хүмүүсийг бид олсон.Удахгүй зарлана”гэж телевизээр малийтал гарч ирээд хэлж билээ. Тэр үед иргэн Дорж нарын долларын зээлтэй хөөрхийс байтугай ашиг орлогоороо олныг тэргүүлдэг баячууд ч магнай тэнийн баярлах дөхсөн. Харамсалтай нь, Ерөнхий сайд гуай молиго үмхүүлснийг хожим мэдсэн. Хамгийн харамсалтай нь, Монголын эрхэм дээдэс долларын зээл авсан хүмүүсийг бүгдээрээ долларын цалинтай,орлоготой гэж андуурдаг юм билээ.
Тэгэхээр тэдэнд ямар ч алдагдал байхгүй гэж муйхарладаг. 2009 онд УИХ-аас “Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр,тооцоог гүйцэтгэх тухай” хууль баталсан.
Гэвч тэр хууль зүгээр л бэлгэ тэмдгийн шинжтэй тул дагаж мөрдөнө гэдэг гонж. Хуульд зааснаар бол төгрөгийн ханшийг уналтаас хамгаалах,улсынхаа эдийн засгийг тогтвортой байлгах зорилготой юм гэсэн шүү,бурхан минь.
Гэвч одоо банкны үүдэнд өлсгөлөн зарлаж хэвтээд “Монгол Улсын нутаг дээр зөвхөн төгрөг гэдэг үндэсний валютаар алба амины наймаа хийгдэнэ” гэсэн чинь яалаа гээд нэмэргүй. Амьдрал хэцүүдлээ гэж уйлж орилоод бүр хэрэггүй. Харин
Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Михайльд нэг бодол бий” гэдэг шиг гарц олж байгаа бол залбиран хүлээе. Магадгүй,шалан дээр шалчиийтлаа унасан төгрөгийн нэр хүнд гозойтол өндийгөөд ирэхийг хэн байг гэх юм бэ. Монголын минь буян заяа барагдаагүй байлтай.
Долларын зээлтэй сульдсан хүмүүс байтугай эх орон даяараа баярлах цаг ирэх болтугай.
Сэтгэгдэл (7)