37 аж ахуй нэгжид зөвшөөрөл олголоо

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн талбайн байршилд санал өгөх тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай, Ой тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Өнгөрсөн онд нийслэлийн нутаг дэвсгэрт зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлал бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 66 аж ахуйн нэгж 86 талбайд өргөдөл ирүүлжээ.

Өргөдөл ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд шүүлт хийж, Багахангай-1, Баянзүрх-1, Налайх-9, Сонгинохайрхан-8, Хан-Уул дүүрэгт 20, нийт 39 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн. Иймд байгууллагуудаас ирүүлсэн саналын дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн нутаг дэсвгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 39 талбайд 37 аж ахуйн нэгж байгууллагад олгож, нөхөн сэргээлт  заавал хийхийг анхаарууллаа.

НИТХ-д хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 17 шашны байгууллагыг нийслэлийн шашны асуудал эрхэлсэн ажлын хэсгээс шалгаж, “Сэлвэшн арми”, “Гэгээн софия”, “Агуу хайрын өргөө”, “Монгол дахь католик сүм”, “Үнэн алдартны Тройцкийн сүм”, “Бурханы сүм”, “Пунцоглин”, “Хамтын туяа”, “Амьд үг”, “Итгэлийн өргөө”, “Дашчаглан” 11 шашны байгууллагын хугацааг сунгах боломжтой гэж үзсэн. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, зэрэг 11 шашны байгууллагын хугацааг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгав.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.