Ц.Мөнхтөр:Ачааны галт тэргийг хот дундуур явуулахгүй

Засгийн газрын хуралдаан өчигдөр болж Улаанбаатар хотын дэд бүтэцтэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэр гаргасан талаар ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд тулгуурлаад агаарын болон авто замын томоохон сүлжээ байгуулж, олон улсын ачаа тээврийг хөгжүүлэх боломж бүрдүүлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргаж засгийн газраас гаргажээ.

Тодруулбал Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах  Улаанбаатар төмөр замын Рашаант өртөөнөөс салбарлан Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор тойрон гарч Мааньт өртөөтэй холбогдох “Богдхан” төмөр замыг барих урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг бэлтгэжээ.

Ачааны галт тэргийг хот дундуур явуулахгүй болсноор олон ач холбогдолтой юм. Тухайлбал  авто тээврийн хэрэгслүүд босоо тэнхлэгийн замуудаар саадгүй нэвтэрч, замын түгжрэл буурна.

Түүнчлэн төмөр замаар  бүх төрлийн хортой, тэсэрч дэлбэрэх аюултай, химийн хортой ачаанууд дайран өнгөрч, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа асуудал шийдэгдэх юм. Мөн зүтгүүрийн ажиллагаа, нүүрсний тээвэрлэлт зэргээс агаар болон хөрсөнд үүсгэдэг их хэмжээний бохирдлыг бууруулах юм. Нийслэлийг дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг хотын зорчигч тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлснээр нийтийн тээврийн хоёр дахь урсгалыг бий болгох боломж бүрдэнэ.

Төмөр замын зорчигч үйлчилгээний төвийг хотын захад шилжүүлж, төмөр зам, хөнгөн галт тэрэгний зангилаа дээр хот хоорондын авто тээврийн тээврийн зорчигчийн нэгдсэн терминал байгуулах боломжтой болох бөгөөд тээвэрлэлтийн үйл ажиллагаатай шууд холбоотой томоохон аж ахуйн нэгжүүдийн ачааны терминалуудыг хотоос гаргаснаар 1000 орчим га газар чөлөөлөгдөнө гэж тооцоолжээ.

Мөн төмөр замын шугам Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны буудалтай холбогдсоноор Улаанбаатар холимог тээврийн ачааны нэгдсэн терминал төмөр зам,  АН-3 хурдны авто зам баригдах юм.

Улаанбаатар холимог тээврийн ачааны нэгдсэн терминалыг Хөшигийн хөндийд барьснаар ачааны урсгал нэмэгдэж, шинэ онгоцны буудал руу тавигдах хурдны замыг концессын гэрээгээр байгуулж, замын хураамжаараа хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой гэж тооцож байна.

Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаатайгаар хийлгэх ажлыг зохион байгуулах, ложистик төвийг барьж байгуулах хөрөнгийн асуудлыг Азийн хөгжлийн банктай эцэслэн тохиролцож шийдвэрлэхийг  Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт  үүрэг болгосон байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.