Н.Наран
Фейсбүүкээр ирээд байгаа энэ зургийг хараад сэтгэл сэмэрч нулимс зангирав. Хөөрхий дөө, ийм ч амьдрал гэж байх уу. Нэгэн цагт толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөхрүүлж,дэлхийн талыг эзэлж явсан агуу Чингисийн үр сад ингэж ч ядрах гэж дээ. Гуравхан сая хүнийг ийм маягаар ядуу зүдүү амьдруулж чадна гэдэг яалт ч үгүй Гиннест орох амжилт. 50-хан том луйварчин Монголыг минь идэж баян тансаг амьдралд хөлбөрч байдаг юм гэнэ билээ. Эх орон минь хөгжиж байна. Улаанбаатар өндөр барилгуудаар дүүрч гишгэх зайгүй боллоо гэх мэт сайн мэдээ хөвөрнө. Гэтэл хогийн цэг дээр амьдрагчдын бүхэл бүтэн хороолол үүсч хогоо булаалдсан ядуус нохой шиг уралцаж байна. Эх оронд минь эзэн байна уу,төр байна уу. Бид хэнийг сонгоод саарал ордон руу илгээгээд байна вэ гээд эргээд нэг бодоход илүүдмээргүй болчихож. Монголын щунахай баячууд, зальтай луйварчид арьсаа язартал таргалсаар авай. Тэд тансаг бааранд ороод 100 гр вискиг 200-650 төгрөгөөр тамшааланхан амсдаг гэнэ. Гэтэл ард түмэн хоногийн хоолоо дөнгөх гэж хоёр нарны хооронд сөхөрч унатлаа зүтгэж байна. Бүгдээрээ хогийн цэг рүү нүүж, оромж босгон хог хаягдлаар хоног төөрүүлэхгүй ч дэндүү тамирдаж байна даа. Гэтэл эрхэм дээдсүүд Метромоллын хажуудахь VLVT шөнийн бааранд 35 саяын үнэтэй шил архийг хувааж уугаад жаргаж байна. Билгийн нүд нь сохорсон эрхмүүд дааж ядсан зовлондоо бялууртал “цадсан” ард түмэн нэг л өдөр галт уул шиг тэсрэнэ гэдгийг бодвол таарна. Халуун магма оргилох цагт харамсах ч багадна даа. Архи нэртэй гашуун хар ус хичнээн үнэтэй байлаа гээд үхэшгүй мөнхийн рашаан уу. Аль эсвэл шилний бөглөө мултармагц архинаас ид шидтэй бирд гарч ирээд баян дээр нь баян болгох уу. Ард түмний ядуу амьдарч байгааг арчаагүй байдлаасаа болсон гэх ч юм уу “хохь чинь” гэж нулимах эрх хэний хэнбугайд ч байхгүй. Өнөөдөр архи уугаад бусдад адлагдан зүдэрч яваа хир даг болсон ноорхой хүмүүс Монголын минь нэг хэсэг нь. Тэд зовлонгоо түр ч атугай мартах гэж зүдэрч олсон сүүлийн зоосоороо архи уужээ. Өөр яалтай ч билээ. Гэтэл эх орноо худалдаж,хэдэн үеэрээ идэж барахгүй хөрөнгөтэй болчихсон эрхмүүдэд ард түмэн дэндүү жижигхэн харагдаж байгаа. Гэхдээ дээр тэнгэр байгаа,бурхан нэг л өдөр гэсгээнэ гэдгийг санагтун. Амьддаа бие биеэ хайрлавал юутай сайн бэ.



Сэтгэгдэл (48)