Халаас хоосон Засгийн газар нөөцийн махыг гацааж байна

Монгол хүний хоол хүнсийг махгүйгээр төсөөлөх гэвэл бүтэшгүй.  Бараг 60 сая малтай атлаа махны үнэ нь байнга тэнгэрт хаддаг улс бол  Монгол. Гэхдээ махны үнэ хэд ч   боллоо гэсэн “махсаг” монголчууд махнаас гарна гэдэг худлаа.  Жил бүрийн өдийд нөөцийн мах  худалдаанд гарч харьцангүй хямд үнэтэй махтай золгодог байж билээ. Энэ жилийн хувьд  нөөцийн мах гарах ч өнгөрөх шиг боллоо. Мах нөөцөлсөн компаниуд “төр мөнгөө өгөхгүй бол бид худалдаанд ганц гуя ч гаргахгүй” хэмээн тас гүрийж байна.  “Хүчит шонхор” захын наймаачид махны үнийг тогтоож байдаг бөх зүрхтэй, бүдүүн хүзүүтэй улс. Тэдний ярьж буйгаар, нөөцийн мах худалдаанд гаргахгүй бол махны үнэ өснө гэх. Эрхэм дарга нар аа, өмнөх жилүүдэд мах  хэрхэн “магнаг” болж байсныг сана даа. Мах нөөцөлсөн компаниуд одоо л махаа гаргахгүй бол хэзээ гаргах юм бэ. Ер нь яах гэж нөөцөлсөн юм бол. Нөөцийн мах үүцэндээ өмхийрөх вий гэж хүмүүс санаа зовж байхад компаниуд “ёстой тийм юм байхгүй. Махны зоорь агуулах савнууд маш найдвартай хүйтэн тул мах муудна гэх  асуудал огт байхгүй” гэж бардам хэлж байна. Тэгэхээр одоо яах вэ. Махны үнэ битгий нэмэгдээсэй гэж Ганданд ном уншуулах уу. Энэ жил нийслэлийнхэнд хавар идүүлэх гэж 12 мянган тонн, Дархан-Уул, Орхон аймагт тус бүр мянган тонн мах нөөцөлсөн гэж байгаа. Тэр их мах одоо үүцэндээ хав дараастай. Төр мөнгөө өгөхгүй бол  махаа гаргана гэдэг гонж. Харин нөөцийн мах гаргаагүйгээс махны үнэ өсвөл бид хариуцлахгүй гээд гэдийсэн  хэвээр. Тэднийг ямар хүчээр буулгаж аваад нөөцөлсөн махыг нь ард түмэнд тараалтай нь биш дээ. Нөөцийн мах бэлтгэхээр Хүнс хөдөө аж ахуйн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай гэрээ хийсэн дөрвөн компани Монголын төрөөс мөнгө горьдсоор байгаад цөхрөнгөө баржээ.  Нөөцийн махыг зах зээлийн үнээс 1000 гаруй төгрөгөөр доогуур тогтоодог. Махны үнийг өсгөж  худалдан авагчдын “тамыг зулгаахгүй” гэсэндээ бэлтгэгч компаниуд хэрдээ “совесть”-той байхыг хичээдэг аж.  Энэ жил Засгийн газар газар хэлсэн үгнээсээ буцаж өгөх ёстой урамшууллаа өгөхгүй хэмээн  2015 оны төсвийн тодотголоор хасаж орхижээ. Тэр ч байтугай 2014 оны нөөцийн махны урамшууллын үлдэгдэл 4.5 тэрбум төгрөгийг өгөхгүй луу унжсаар байгаа аж. Нөөцийн мах хөлдүү зооринд түгжээтэй нь ийм учиртай санж. Мах бэлтгэгч компаниуд төрд буулт хийгээгүй биш  хийж байгаа. Юутай ч өнгөрсөн жилийн үлдэгдэл 4.5 тэрбум төгрөгөө өгчихвөл  махаа гаргая гэсэн. Харин ядуу Засгийн газарт “май” гээд гаргаад ирэх мөнгө байхгүй болохоор гацаж орхижээ. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар мах бэлтгэгч компаниудад баталгаа гаргах шийдвэр гаргасан. Тэр шийдвэр амьдралд хэр нийцэхийг өнөөдөр болох   Хүнс хөдөө аж ахуйн яам, мах бэлтгэгч компаниудын уулзалтын үр дүн харуулах байх гэж найдах л үлдлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.