Гадаа дулаарч зөгий гарах дөхөж байгаатай холбогдуулан зэрлэг зөгийг модонд үүрлүүлэх, ашиг шимийг нь хүртэх талаар шинэ мэдээ бэлтгэлээ. Модон дотор суурилах зөгийн үүрийг өөрийн биеэр ажил болгон хэрэгжүүлэн, хүний бэлэн зураг ашиглалгүй өөрийн хийсэн бүхнээ харуулъя гэж бодсон боловч энэ гайхалтай санааг хэрэгжүүлэхийг зорьсон хэнд ч энэхүү чухал мэдээ эрт байх тусмаа хэрэгтэй гэж үзлээ.
Зүүн европ, Өмнөд Уралын нутагт зөгийг модон дотор үүр засан зөгийгөөр өөрөөр нь менежмент хийлгэн бал бурмыг нь ашиглаж ирсэн 1000 жилийн түүхтэй юм. 1827 онд гэхэд Польшид 70.000 гаруй модон дотор суулгасан зөгийн үүр тоологдож байсан бол 1930 он гэхэд энэ уламжлалт арга бүр мартагдсан байна. Одоогоор Башкирууд Өмнөд Уралд энэ аргыг хэрэгжүүлж байдаг бөгөөд эрт үеийн цагийг бодвол цөөрсөн байна.
Тэд царс, нарс зэрэг модыг сонгон таних тэмдэг тавьж модны оройгоос нь тайран орхидог байна.Оройгоосоо тайрагдсан мод дээшээ биш өргөөшөө урган бүдүүрсээр 70 жилийн дараа, уг модонд таних тэмдэг тавьсан айлын гурав дахь үе нь уг модонд зөгийний үүр ухан хийдэг байна.

Башкирууд модонд тавьсан таних тэмдэгээ ТАМГА гэж нэрлэдэг.
Ингээд гурав дахь үеийн үр хүүхдүүд нь модыг дор хаяж 80 см өргөн диаметртэй болсон байвал, модны ёроолоос 4-5 метр өндөрт үүрийг ухан навчаар хамгаалалт хийж орхино. Ингэж өндөрт тавьсанаар гадны халдлагаас сэргийлэн мөн хөрсний чийгээс хол байж чаддаг байна.
Үүрийг жилд хоёрхон удаа онгойлгоно;
Хавар эрт зөгийнүүд байгаа эсэх, намар балыг нь хураах гэж онгойлгоно. Ингэхдээ гуравны нэг хэсэг буюу хамгийн дээд хэсгийг үлдээж өвлийг өнөтэй давахад нь тэдэнд тэжээлийг нь үлдээдэг. Тэд зөгийнд нэмэлт тэжээл болох сахар сироп зэрэгийг өгөх нь зөгийн дархлааг сулруулан өвчин хуучны эх үндэс болдог гэж үздэг учраас зөгийнд өвлийн тэжээл болох хангалттай балыг нь үлдээдэг байна.
Үүр хийхийн тулд модны дотор талыг ухан авч байгаа нь надад буруу үйлдэл хийгээд байгаа юм шиг санагдсаныг нуух юун. Гэхдээ Башкирууд үүртэй энэ модоо цаашид 200-300 жил ашигладаг гэх бөгөөд модыг ухаж дотор эдийг авсанаар мод дархлаажин эрүүлждэг гэж үздэг. Яадаг ч байсан миний анх бодож байсанчлан мод жилийн дараа өнхөрч ойчдоггүй 200 гаруй жил амьдарсаар байдаг нь их сонин юм.

Намар балыг хураан авахдаа тайвшруулах утаа хэрэглэнэ, аргал хомоол ашиглаж болно.Магадгүй зөгийн бал, лав, амьд организмын хүчээр мод дотроосоо улам эрүүлжин, зөгий мод хоёр бие биендээ тус дэмтэй амьдарсаар байдаг байx.
Уламжлал ёсоор зөгийн үүрийг 1 км-т 3 хан үүр байхаар зохицуулдаг бөгөөд хэт их зөгийн үүр ойр байх тусамаа өвчин хууч дэлгэрдэг гэж үздэг.
Монголчууд бид энэ санааг чадах ядахаараа хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Ой модноос хол, очих ирэхэд явдал чирэгдэл ихтэй бол энэ аргыг модны тайрдас дээр хийж хашаа хороо зусландаа хэрэгжүүлж болно.Зуслангийн хашаагүй тохиолдолд хавар өдийд ойд нэг үүр бэлдээд намар балаа хурааж авна.
Тайрдасаар үүр хийхийн тулд эхлээд 80 см бүдүүн гуалинг модны захаас ( Хангай, Цайз) авах юмуу, ойд унасан модыг ашиглана.
Бэлдсэн гуалин модоо нэг метр хиртэй урт 12 см өргөн ухан авна, үүрний дотрох диаметр нь 35 см байна, энэ нь 90 литр багтаамжтай ба, жилдээ 10-15 кг бал хурааж авах боломжтой.

Башкирууд уламжлагдаж ирсэн хөдөлмөрийн багажаараа хоёр өдрийн турш нэг үүр хийдэг байсан бол орчин үед тэд цахилгаан хөрөөг илүү чухалчлах болсон байна. Хэрэвээ та урьд нь цахилгаан хөрөө хэрэглэж үзээгүй бол мэргэжлийн мужаанд хариуцуулах нь чухал .
Нэг метр урттай 35 см диаметртай энэ ухаадасны хажууд зөгий орох жижигхэн дөрвөлжин нүхийг мөн ухаж хийнэ.

Энэ хоёр нүхээ хоёуланг нь таглаж урт нүхээ банз тавин навчаар хамгаалан хучина. Үүнийг та намар бал хураахдаа л онгойлгоно.Харин банзандаа нугас хийвэл сайн болно.
Зөгийний орж гарах гол хаалга
Харин жижиг дөрвөлжин нүхээр зөгий байнга орж гарах бөгөөд нүхэнд нь жижгэвтэр мод шургуулж орхино.
Энэ нь гадны халдлага, шувуу зэрэгээс хамгаалахаас гадна хүйтэн агаар үүрэнд орохоос сэргийлдэг. Харин нүхний амсарыг хэт жижиг болговол ажилсаг зөгий үүрэндээ орохдоо цэцгийн тоос, бал зэрэгээ уг нүхний амсарт шударч орхин хамаг хөдөлмөрөө талаар болгох муу талтай.
Тулах моднууд
Үүрний дотор талд зөгийнүүд өөрсдөө сэмжээ бэлдэн тэнд хатан зөгий өндөглөн, ажилчин зөгийнүүд бал болон лаваар дүүргэдэг, үүнийг доош нь унахаас сэргийлэн нарийн моднууд хөндлөн тавиж өгнө.

Хэрэв та ойд мод ухан үүрээ хийх гэж байгаа бол дээш авирах хамгаалалтын олс дээсээс гадна туслах хүч хэрэг болно.
Модонд суурьлуулсан зөгийн үүрнээс балаа яаж хурааж байгаа талаар сонирхолтой видео бичлэгийг дуустал нь үзээрэй. Магадгүй та ийм үүр хийхээр шийдсэн бол бичлэг дээрээс үүрний хэмжээ зэрэгийг бодитоор олж харах нь тустай.
Би хувьдаа зөгий үржүүлэхийг их хүсдэг байсан учраас хоёр ч удаа зөгийн сургалтанд явсан, нилээн уншиж судалсан, эцэст нь зөгий маллах нь хэтэрхий их арчилгаа хэрэгтэй, байнга календар хөтлөн хажууд нь байж оторлуулах, нэмэлт тэжээл өгөх саxар сироп бэлдэх, өвчний эсрэг эм бэлдэц өгөх, сайныг нь хайж олох зэрэг нүсэр их ажил ундрахаар байсан ба нөгөөтэйгүүр чадахгүй байж амьтан зовоох вий дээ гэж болгоомжилж байсан маань энэ 1000 жилийн түүхтэй аргыг олж мэдсэнээр би амьтан зовоогч биш харин зөгийнүүдээ өөр өөрсдөөр нь менежмент хийлгэн дураар нь дургиулан аз жаргалтай амьдруулах боломж гарч байгаад их баяртай байна.
Хамгийн сайн зөгийчид гэх Башкирууд орчин үеийн маягаар зөгий малласанаас хойш зөгийн өвчин их дэлгэрч байгаа талаар Швецарын "Зөгийг чөлөөл" холбооноос онцлон тэмдэглэсэн байдаг. Бид аливаа юмыг хүчлэн элдэв химийн бодисоор зөгийн үүрийг угааж арчин нэмэлт тэжээл гэж дархлаа сулруулдаг зүйлүүдийг хэрэглээд байгаа нь зөгийн өвчний гол шалтгаан юм.
Аливаа юмыг хүчлэхгүй байгалийн жам ёсоор нь түүний зүй тогтолыг анхааралтай ажиглан "будаа идэх" арга нь пермакалчерын нэг шийдэл юм.
Зөгийг хаанаас олох вэ гэж олон хүн асууж магадгүй, таны зуслангийн ойр балт ургамал их байгаа бол тэнд зэрлэг зөгий байх бөгөөд та үүрээ эртхэн бэлдээд хүлээх нь чухал.
Мөн тэжээмэл зөгийгөө туршилтын журмаар ашиглаж болно шүү дээ.
Санаа авч болохоор хэдэн үүрний зураг тавилаа.



Гуалингийн дээр сүрлээр малгай хийж өгөх нь цас борооны ус үүрлүү шууд урсаж орохгүй сайн талтай. Мөн үүр заавал босоо байх ч албагүй, хөндлөнгөөр нь хэвтүүлж бас болно. Ийм үед шоргоолжноос хамгаалж модны ёроолд нь вазелин сайн түрхвэл шоргоолж дээшээ мацаж гарч чадахгүй.Ингэж хамгаалахгүй бол тэд чинь арав хориулаа нийлээд зөгийг нэг нэгээр нь үүрээд гардаг.

Дашрамд хэлэхэд модон дотор үүрлэсэн зөгийн бал амттай бөгөөд зах зээл дээр жирийн балнаасаа хэд дахин үнэтэй, эрэлт хэрэгцээтэй байдаг юм байна.Xэн ч тэднийг өдөр болгон шалгаж зовоохгүй, элдэв химийн нэмэлт тэжээлээр бордохгүй.Дараагийн дугаартаа жаргалтай тахианы талаар мэдээлэл зөвлөмж бичнэ.
Сэсээр Алтайцэцэг

Сэтгэгдэл (2)