Н.Дөл

Сүүлийн хэдэн жил гэр хорооллынхон дахин төлөвлөлтөөр амьсгалж байна. Айлууд газраа байр болгох хөдөлгөөнд нэгдэснээр Улаанбаатарын гамшигт утаа ч багасах янзтай. Өнгөрсөн өвөл гэхэд өмнөх жилүүдийг бодвол утаа арай “дуулгавартай” байсныг 100 айл орчмын оршин суугчид ярьж байна. Энэ бол хөгжлийн шинэлэг алхам болох сайн талтай. Гэтэл Сүхбаатар дүүргийн 11дүгээр хорооны зарим иргэд манай редакцид хандаж зарим нэг бэрхшээлтэй тулгараад удаж байгаагаа ярьсан юм. Тухайлбал, газраа байраар солих ажил ид өрнөж байна. Хашааны эзэн айл яахав наймаа тохирвол газраа байраар сольчихно. Ном журмынхаа дагуу байртай болж байгаа нэгэндээ атаархаад яахав дээ. Харин айлын хашаанд он удаан жил амьдарч байгаа айлууд хаачих вэ. Тэднийг дураараа бол гээд хөөгөөд явуулчих уу. Насаараа Улаанбаатарт амьдарсан хотын унаган иргэд алга дарам газаргүй үлдэнэ гэдэг хөөрхийеэ. Хороо,дүүргийн дарга нар хэн нь ч бай тэдний төлөө тэгтлээ сэтгэл сэмрэхгүй. Дарга нарын амнаас гардаг “жагсаалын” хэдэн үг нь цахимаар газар олгож байгаа, тийшээ ханд гэнэ. Эсвэл өөрсдөө учраа ол гээд тас намжирдана. Цахимаар газартай болох гэж бэдэрсээр тэд цөхөрчээ. Гэр хороололд интернет байхгүй,байсан ч компьютерийн товч дээр хуруугаа тавьж үзээгүй хүн яаж цахимаар өргөдөл гаргах вэ. Хүн амьтан гуйж байж сая нэг болохчоо аядана. Тэгээд л чих тавин хүлээнэ дээ, эцэст нь та сонгогдсонгүй гэх хариу аваад урам хугарна. Энэ бол байдаг л зовлон. Тэгэхээр айлын хашаанд амьдрагчдад туслах арга олмоор байна. Дарга нар,мөнгөтэй барилгын компанийнхан газартай,хашаатай хүнтэй харьцахаас биш айлын хашаанд амьдарч байгаа гар хоосон ядуу амьтантай тоож ярихгүй. Улаанбаатар хотод онлайнаар бүртгүүлж 0,05 га газраа авна уу гэсэн захиалгат сурталчилгаа улам эрчимжиж байна. Уг нь хууль журмынхаа дагуу бол 0.07 га газар л даа. Өнөөдөр газартай болъё гэсэн чинхүү горьдлогоор онлайнаар бүртгүүлсэн хүмүүсээс цөөхөн хэд нь юмтай болж байгаа. Тэгэхээр айлын хашаанд амьдрагчдад газар олдох нь асуудалтай. Үнэндээ цахимаар газартай болчихлоо гээд баярлаад байгаа хүмүүсийг сурталчлаад байгаа нь ядарсан хүмүүст хүртээлгүй байдаг л нэг “тархи угаалт” шиг санагдах авай. Хотын унаган иргэний хувьд Э.Бат-Үүл дарга л биднийг ойлгох болов уу хэмээн учирласан хүмүүсийг итгэлийг хамтатгая.

Сэтгэгдэл (16)