Маргааш Наурызын баярын өдөр. Казах үндэстэн бүгдээрээ өнө эртнээс уламжлалтай баяраа тэмдэглэнэ. “Наурыз” бол хаврын төрсөн өдөр гэсэн утгатай аж. Казахын ард түмэн наурыз тохиож буй баярт өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг. Энэ нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу “Зон олны алдарт өдөр” гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ өдөр манай цаг тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс эхэлнэ. Учир нь нар дэлхийн бөмбөрцгийн дорно зүгээс өглөө зургаан цагт мандах үе нь дундад Азийн улс орнуудын хуввьд шөнийн гурван цагтай давхацдаг. Иймээс эдгээр ард түмэн Наурызыг гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үед угтаж ирсэн уламжлалтай.
Ард түмний дунд тархсан домгоор бол гуравдугаар сарын 21-ний шөнө ивээлт өвөө Кызыр дэлхийн улс орнуудаар тойрон аялдаг гэнэ. . Кызыр яг л Монголын өвлийн өвгөн шиг эсвэл Европын Санта Клаус шиг хүмүүст эд баялаг, аз жаргал, баяр баясгалан авчирдаг,сайн үйлс бүтээж явдаг өндөр настай өвгөн буурал юм.
Наурызын өглөө казахууд үндэсний болон гоёлын хувцсаа өмсч золгон бие биедээ баяр хүргэж мэндчилнэ. Дараа нь наурызын баярт зориулж чанасан толгойг цугларагсдаас хамгийн ахмад нь огтолж хөндөөд насны эрэмбээр нь бүх хүнд амсуулна. Баярын хамгийн гол хоол бол “Наурыз-көже” хэмээх шөл”. Монголчууд цагаан сараар айл болгон бууз чанаж зочноо дайлдаг бол казахууд шөлөөр дайлна. Тэр шөл их учиртай. Казахуудын бэлгэддэг 7-ийн тоо шөлний найрлагад ч бас хамаарна.Ус, мах, давс, өөх, гурил, будаа /цагаан будаа, улаан будаа, шар будаа/, сүү гэсэн долоон зүйл орсон нь баяр баясгалан, аз жаргалтай эрүүл энх байхын бэлгэдэл юм. Наурызын хүндэтгэлийн энэ өдөр согтууруулах төрлийн ямар нэгэн ундаа уухыг хатуу цээрлэнэ. Заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Учир нь жилийн турш гэдэс өлсөхгүй, цатгалан амьдрахыг бэлэгшээж байгаа нь тэр. 40 айлын наурыз көжег амсвал тэр жилдээ азтай хийморьтой байх бөгөөд юунд ч ажрахгүй. Яагаад гэвэл казахууд 40-ийн тоог эрхэмлэдэг бөгөөд эр хүнийг 40 нас хүрэхэд нь эрийн цээнд хүрлээ гэдэг,.

2009 оны есдүгээр сарын 30 казахуудын хувьд баярт өдөр. Учир ньтэр өдөр Наурызыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэн авчээ. 2010 оны хоёрдугаар сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар “Наурызыг олон улсын өдөр” хэмээн тунхаглаж тогтоол гаргасан байна.
.Казах түмэндээ хаврын баярын мэнд дэвшүүлж,сайн сайхан бүхнийг ерөөе.

Сэтгэгдэл (1)