
Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдоод 100 хонолоо. Тэрбээр энэ албанд очоод “Миний хийх ажил эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг байх болно” гэж мэдэгдсэн. Монголчууд ухаалаг оновчтой бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн хүндрэлээс гарах учиртай. Шийдлийн гэсэн тодотголтой Засгийн газарт УИХ-д суудалтай бүх нам багтсан. Дэлхийн зах зээлд нүүрс, төмрийн хүдэр, жоншны үнэ буурсан. Араас нь зэсийн ханш унаж байна.Төсөвт хамгийн их хөрөнгө төвлөрүүлдэг зэсийн үнэ уруудаж байгаа нь Ч. Сайханбилэгийн Засгийн газарт тийм ч сайн мэдээ биш. Түүний танхим хэрхэн ажиллахаас Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаа уруудах, өгсөх нь шийдэгдэх учиртай. Гүйцэтгэх засаглалынхан 100 хоногт 40 шахам ажил амжуулсан тухай тайлан бэлтгэжээ. Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан, АНУ-ын Мянганы сорилтын сан дахин төсөл санхүүжүүлэхээр болсон, “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журамд нэмэлт оруулсан гээд тайланд орсон ажил зөндөө.
Засгийн газар 100 хоногт санаачилсан ажил ч цөөнгүй харагдана. Ховдын Эрдэнэбүрэн суманд УЦС, Дорнод, Багануурт нүүрсний цахилгаан станц барихыг зөвшөөрөв. Түүнчлэн 200 сая орчим ам.долларын урьдчилгаа өгч, 12 тонн алт олборлохыг дэмжжээ.
Авто бензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварыг тогтоодог боллоо. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн эзэмших хувь хэмжээг нөөц ашигласны төлбөрөөр солих эрх зүйн шинэ орчин бий болголоо. Гацууртын ордыг ашиглуулахаар тогтлоо. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөө үе шаттайгаар зогсоохоор болов. Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг батлав. Эдгээр шийдвэрийг эдийн засагт чухал нөлөөгүйд тооцож болно. Харин нөлөө ихтэйг илүүтэй хөндье.
Засгийн газрын анхны ажил 2015 оны төсвийн тодотголыг батлуулах байв. Ч.Сайханбилэг төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр танах санал гаргасан. Ингэхдээ цалин хөлсийг нэг төгрөгөөр ч нэмэхгүйгээр үл барам нийгмийн халамжийг танаж, зорилтот бүлэгт нь чиглүүлэх саналтай байлаа.
Засгийн газар сүүлийн жилүүдэд анх удаа хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе гэсэн санал гаргасан нь энэ. Одонтой эхчүүдийн тэтгэмж, хүүхдийн мөнгийг танах Ерөнхий сайдын санал хэдийгээр зөв байсан ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Өлгийтэй хүүхэд хүртэл жагсаалд оролцож өлсгөлөн зарлаж мэдэхээр болсон тул аргагүй эрхэнд буулт хийсэн. Тиймээс хүүхдийн мөнгийг ч, одонтой эхчүүдийн тэтгэмжийг ч хэвээр олгосон. Халамжийг хасах нь байтугай тэтгэврийг нэмэгдүүлсэн.
Халамжийн зардлыг бууруулах тэмцэлд Ч.Сайханбилэг ялагдсан. Түүний ялагдал цааш үргэлжилсээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж, Засгийн газрын өрийн хязгаарыг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэх санал унасан.Түүний саналыг Засгийн газарт хамтарч буй МАН дэмжээгүй.
Одоогийн байдлаар Засгийн газарт дор хаяж хоёр тэрбум ам долларын санхүүжилт татах боломж бүрдээд байгаа. Иймээс Хөгжлийн банк, Худалдаа, хөгжлийн банк, Төрийн банк тодотгож байна. Манай улсыг эдийн засгийн хүндрэлийн шалтгаан төлбөрийн тэнцлийн дутагдал юм.
Өөрөөр хэлбэл, монголчууд гадаад төлбөрөө бүрэн төлөх валют олж чадахгүй байгаа гэсэн үг. Манай зах зээлд 1.4 тэрбум ам.доллар орж ирвэл төлбөрийн чадвар сайжирч эдийн засгийн хүндрэлээс гарна. Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрт татварын тогтолцоог шинэчлэх, Таван толгой, Оюу толгойг хөдөлгөхөөс өгсүүлээд 60 гаруй арга хэмжээг багтаасан. Уг хөтөлбөрт Засгийн газрын баталгааны, зээлийн батлан даалтын сан, үндэсний давхар даатгалын корпорац, экспортын даатгалын компани байгуулахаар тусгасан нь анхаарал татаж байгаа.
Таван толгой, Оюу толгойд хөрөнгө оруулалт татах нь Монголын эдийн засагт эерэг нөлөөтэй. Оюу толгойн далд уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулахаар болжээ. Улс орноо өөд татах,эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрт тусгасан бүгдийг шийдэж чадвал Ч.Сайханбилэгийн Ерөнхий сайд болсны гавьяа тэр болно.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анх удаа цаашид яах вэ гэдгийг ард иргэдээсээ асууж эдийн засгийн хүндрэлээс гарах, аврах арга замыг сонгох санал асуулга явуулсныг онцлох нь зүйтэй. Ард иргэд Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулан хямралыг давж, ханшаа тогтоох нь зүйтэй гэдэг хариултыг Засгийн газарт илгээсэн. Гэвч өнөөдрийн байдлаар Оюутолгой, Тавантолгойн гэрээ хэлэлцээ магнай тэнийлгээгүй байна.
Засгийн газрын 100 хоногийн босгон дээр Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засагт үлэмж нөлөө бүхий томоохон төслүүдийн хэрэгжилт гацсан хэвээр, гадаад зээлийн боломж нэмэгдэхгүй бол 2015 онд мөнгөний нийлүүлэлт буурч, зээл тасалдаж, эдийн засаг хумигдах эрсдэлд орж болзошгүй байдалд хүрсэн” гэдгийг сэтгүүлчдэд мэдээллээ.
"Бидний хувьд хамгийн санаа зовоож буй зүйл бол төлбөрийн тэнцлийн 1,4 тэрбум ам.долларын алдагдал. Дээр нь төсвийн 1,2 их наяд төгрөгийн алдагдал байна. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын хувьд дотоод бондоороо гурван их наяд төгрөг аваад хэрэглэчихсэн. Гурван их наяд төгрөг гэдэг бол Монгол Улсын арилжааны банкуудад эргэлдэж буй зээлийн эх үүсвэрийн 25 хувь. Засгийн газар өөрөө эдийн засагт орох мөнгөнийхөө 25 хувийг татаж авчихаад эдийн засгаа тэлнэ, өргөжүүлнэ гэдэг хүнд" гэдгийг Ж.Эрдэнэбат сайд хэлсэн нь хоолой дээр тээглэсэн яс боллоо. Гэтэл тэрээр "Төсвийн алдагдлыг бууруулахдаа гадны санхүүгийн байгууллагаас тодорхой хэмжээнд урт хугацаатай хөнгөлөлттэй нөхцөл авах хэрэгтэй. Дотоодын зах зээлээс босгоод байгаа 15, 16 хувийн хүүтэй дотоод бонд авснаас жилийн хоёр хүрэхгүй хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай хөгжлийн зээлээр төсвийн алдагдлаа санхүүжүүлэх шаардлагатай. Хэрвээ ингэж чадвал нэг талдаа төсвийн алдагдал дээрээ зээлийн өрийн үйлчилгээний зардлаа бууруулчихна" гэж ярьж байгаа нь хонгилын үзүүрт харагдаж байгаа гэрэл мөн болов уу гэсэн эргэлзээ төрүүлнэ.

Засгийн газрын хийсэн ажлуудаас нүдээ олсон сайн ажил бас нэлээд байнаа. Тухайлбал,Төрийн өмчийн оролцоотой компани аж ахуйн нэгжийн ТУЗ-д чихэж, өндөр цалин авч тансагладаг байсан төрийн албан хаагчдад Ерөнхий сайд хориг тавьсан шийдвэр. Төрийн албаныхан бус мэргэжлийн хүмүүс, бизнес, хувийн хэвшлийнхний төлөөллийг ТУЗ-д багтаах ажлыг Төрийн өмчийн хорооноос шийдэхээр болсон. Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр болсон. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126 500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 мянган төгрөг болсон. Уул уурхайн салбарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээр хүнд суртал, чирэгдлийг арилгаж чадсан. Хайгуулын лицензийн асуудлуудаа цэгцэлж , 106 лицензийг шийдсэн байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагнаж,сайнтай муутай бүхнээ ярилцав. Цаашид хэрхэн ажиллахаас ,хэр зоримог шийдмэг байхаас эх орон ард түмний амьдрал шалтгаална.

Сэтгэгдэл (16)