Барьсан л бол “вандан тас” биш шүү

Н.Дөл GARAG.mm

Сүүлийн арав гаруй жил чинээлэг монголчууд барилга барих кампанит ажилд нэгдсэн. Яг л сонгуулийн сурталчилгаа шиг шууруулж өгсөн дөө. Хотын төвд одоо алга дарам газар ч алга. Нэг нэгийг нь дэрлүүлээд барьчихсан барилгуудын зохицол, өнгө зүс, үзэмж дизайн,архитекторын  шийдэл энэ тэрийг ярихын хэрэг алга. Нэгэнт л барьсан бол “Вандан тас”. Юун хотын төв байтугай дархан цаазат,төрийн тахилгат Богдхан уулыг ч барилгаар дүүргэсэн. Арай л Цэцээ гүний орой дээр барилгын шав тавьсангүй. Монголын том, жижиг, дунд зиндааны  дарга нар, алт эрдэнэс ухаж баяжигсад, нэр нөлөө бүхий товарищууд, алтан үеийн наймаачид  гээд өнгөтэй мөнгөтэй болгон нийслэлийн газар руу хайр найргүй дайрч хувааж авцгаасан. Өнөөдөр нийслэлийн унаган иргэдийн  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх нь бүү хэл мартагдсан. Хотын хаана л бол хаана хүүхдийн тоглоомын талбай, хөгшдийн нарлах сүүдрэвч аль хэзээ эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хөлд гишгэгдсэн. Харин хотын дарга Э.Бат-Үүл аргагүй хотын унаган хүүхдийн “шийр” зааж, Улаанбаатарынхаа газар шороо, ард иргэдийнхээ төлөө тэмцэж байна. Гэхдээ хүч мөхөсдөж байгаа нь ч цөөнгүй. Хэд хоногийн өмнө Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах “Адоре пропертиз” компанийнханд төрийн төмөр нүүрийг ёстой нэг харуулж чадлаа. Тус компанийн барьсан 13 давхар барилга олон айлын цонхыг овоолсон шавраараа халхлан дээрэлхэж, нар харах эрхэнд нь халджээ.  Айлын хананаас  75-хан см зайд байшин сүндэрлүүлнэ гэдэг мөн ч “бүдүүн” хүзүүтэй хүний санаа даа. Тэнгэрийн дор төрж, төрийн дор захирагдана гэдэг хууль “Адоре пропертиз”-д хамаагүй гэж бодсон бололтой. 2006 оноос барилгынхаа суурийг цутгаж эхлэхдээ “нар бүү хаагаач,цонх бүү таглаач” гэсэн ард олны үгийг нохой хуцсан чинээ тоосонгүй. Оршин суугчид “дүлий” барилгачдыг чадлаараа эсэргүүцэн шүүх цагдаад хандаж олон жил үйлээ баржээ. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж,  өчнөөн жил тэмцсэний үр дүн 2009 онд гарчээ. Хэдийгээр уг барилгын газрыг хууль бусаар олгосныг гурван шатны шүүх тогтоож, оршин суугчдын магнай тэнийсэн ч “Адоре пропертиз”  шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. 2011 онд Улаанбаатар хотын захирагчийн 33 дугаар захирамжаар Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 173 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Адоре пропертиз” ХХК-ийн зочид буудлын С блокийг албадан буулгаж, газрыг нь чөлөөлөх захирамж гаргажээ. Гэвч  дөрвөн жилийн дараа буюу 2015 оны гуравдугаар сарын 11-нээс тус барилгын С блокийг буулгаж эхэлсэн юм. Энэ бол үнэний төлөө тэмцлийн үр дүн байлаа.

Олон жил нар харах эрхээ хасуулсан хүмүүс “Монгол Улсад хууль хэрэгждэг юм байна” хэмээн  баярлаж сууна. Гэхдээ тэд хэр удаан баярлах бол. Учир нь зочид буудлын зориулалтаар барьсан уг 13 давхар барилгыг бүхэлд нь буулгах бус зөвхөн С блокийг л буулгах бололтой юм. Хэрхэхийг харж л байя. Хэн өнгөлөг мөнгөлөг байна,тэр бусдыг дээрэлхэж болно гэсэн хууль Монголд байхгүй. Тун удахгүй хууль зөрчиж босгосон барилгуудыг толгой дараалан буулгах их хөдөлгөөн өрнөж магадгүй.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Иргэн (202.179.11.34)
    Үүл даргын үед л даварсан баагийнуудыгн хандыг хага дарах шив дээ. Бууж өгч болохгүй шүү үзэж тарах хэрэгтэй.
    2015 оны 03 сарын 22 | Хариулах
  • Hishgee (86.73.223.143)
    Bat uuld bayr hurgii paris hotiig barag taliig ni buulgaj odoogiin terhond ni oruulsan hun ter ued aluulah shahaj bsan ch odoo undesnii baatar gej hundlegden dursagddag amjilt husii davarsan humuusees aigaad tal zasaad baival hen eh ornoo hogjuuleh ve tanii hiij bgaa ajil zov shuu
    2015 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.44.204)
    Газар өгсөн хүнййг буруу байна ноотой барилгыг бүгдййн чадахгүй ш дээ дэмий байхаа ард түмэн хоёр хуваагдана нар тагласан айлын байрын худалдаад аваад нартай газар байр аваад өгөхгүй хэрүүлээ болы
    2015 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.31.4)
    Зүйтэй сайн байна.үүл баатар зангарагаа үзүүлээд өг дахиөд ч буулгах баышин зөндөө байгаа.эртхэн шийдвэрлэж бусдад нь сануулга өгөх байсан юм гэсэн ч яах вээ буулгаж болно тушаал хэрэгжиж болдог гэдгийг харуулж байна.Амжилт.
    2015 оны 03 сарын 21 | Хариулах
  • баяр (202.126.91.104)
    зөв зөв. би өөрөө барилгын хүн . гэхдээ иймэрхүү даварсан юмнуудыг хашраах хэрэгтэй. энэ бол арай дэндүү байсийм аа. ийм газар зөвшөөрөл өгсөн юмнууд одоо гууль нь цухуйна даа. мэдээж хууль зөрчсөн шийдвэр гаргуулахын тулд авилгын асуудал байж л байгаа. одоо ер нь хууль зөрчсөн бүх барилгыг шалгавал яасийм. ашиглалтанд орчихсон байвал нөхөн торгуулийг барилга захиалагч, шийдвэр олгогчид тавьж нийтэд зарлаач ээ
    2015 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.13.243)
    энээс өөр нуоаах байшин зөндөө бий Батүүл мундаг баяр хүргэе баярлалаа
    2015 оны 03 сарын 19 | Хариулах