УИХ-ын гишүүн Д.Ганбатын фейсбуук хуудсандаа тавьсан зургийг хараад найз нар нь шоконд орох дөхөв. Энэ чинь юу вэ та минь ээ,эрхэм гишүүн цэрэг болчихоо юу, эсвэл зориуд захиалж хийлгэв үү гээд бие биеэсээ асууж шалгаав. Зарим нь энэ чинь фотошоп уу гэж андуурав. Эрхэм гишүүн цэргийн дүрэмт хувцас өмссөн нь зохисон гэж ванлий. Тэр гутал гэмээнэ гутал аа гутал. Үсний засалт, пилот малгай,өмдний галифе дэгжин гэдэгтэй ярих юм алга. Бүр хугацаат цэргийн алба хааж байгаа жоохон бор цэргүүд шиг хувцаслажээ. Аминдаа олны анхаарлыг татаж,элэг зүрхнээсээ эх оронч гэдгээ илэрхийлэх гэж ядсан ч юм шиг. Зургийнхаа дээр бичсэнийг нь харвал, эрчүүддээ Монгол цэргийн баярын мэнд дэвшүүлээд байгаа бололтой юмаа. “Монгол цэргийн баярын өдрийн мэндийг хүргэе. За хугацаат цэргийн албыг байлдагч цолтойгоор болвол Хилийн цэрэгт буюу Ардын армид Зүүнбаянд алба хаагаад дараа нь бизнес хийж хэдэн хүнийг ажлын байртай болгоод, улсдаа татвараа зохих журмынх нь дагуу төлчихвөл зүгээр байгаам даа. Ардын хүүхдүүд ихэнх нь ингэдэг. Манай том дарга нар, УИХ-ын гишүүд ийм байвал үүнийг нь олон түмэн дэмжиж байвал улс орон хөгжинө гэж бодож байна. Эх орон миний төлөө юу хийсэн гэж асуухаасаа өмнө Эх орныхоо төлөө би юу хийлээ гэж өөрөөсөө асуу гэдэгдээ” хэмээсэн сургаал маягтай мэндчилгээ байх аж. Сонгуулийн чимээ наашлан айсуй цагт сонгогчдодоо таалагдах гэсэн янз бүрийн оролдлого улстөрчдөөс гарч эхэлсэн өнөө цагт Д.Ганбат гишүүн арай л буруу пиардчихав уу. Цэргийн баяраар төрийн цагаан сүлдний өмнө цэрэг хувцастай гараад ирлээ. Тэгвэл ирэх наадмаар зодог шуудагтай зогсож байвал гайхах хэрэггүй юм байна. Удахгүй болох инээлгэдэг өдрөөр юу өмсөж “халаадаг” бол доо. Аягүй бол алиалагчийн дүрд хувилж мэднээ. Эх үрсийн баяраар гоёмсог даашинз өмсөөд гараад ирвэл яах вэ, та минь. Ер нь Д.Ганбат гишүүн сонин сэтгэлгээтэй хүн. Ерөнхий сайдад хүртэл дэвшээд харайлгаж явсан даа. Өөрийнхөө хэн бэ гэдэг бодгалийг сайтар мэдэж, хэр хэмжээгээ бодож байх тийм ч муу зүйл биш гэлцдэг. Үүнийг фб найзын хувьд сануулахад илүүц болохгүй. УИХ-ын танхимд хэлд ордоггүй хэдэн “Королио” байна гэсэн шүүмжлэлд өртсөөр байгаад овоо дуугардаг болсноосоо хойш ирэх сонгуульд үзэх пиараа хийгээд байгаа юмаа даа, янз нь. Ер нь аливаа пиарын “дооз” хэтрэхээрээ навс унадаг талтай.


Сэтгэгдэл (67)