Долдугаар сарын 1-ний аймшгийн цаадахь үнэнийг мэдэхсэн

Н.Наран GARAG.mn

Өчигдөр МҮОНТ-ээр одоогоос зургаан жилийн өмнөх долдугаар сарын 1-нд болсон  үйл явдлыг харууллаа.  Монголчуудын түүхэн дэх тэр хар өдрийг эргээд телевизээр харахад сэтгэл уйлна. Тэр өдөр ажлаа хийгээд  явж байсан сэтгүүлчид ямар их айдас,түгшүүр тээж явсныг одоо бодоход аймшигтай. Тэр өдөртэй холбоотой өнөө хэр нууц нь тайлагдаагүй зарим зүйлийн учрыг  олохсон  гэж  олон жил сураг тавьж яваа хүмүүст Монголын төр өнөө хэр үнэнийг хэлээгүй. 2008 оны долдугаар сарын 1-ний тэр нэг өдөр Монгол Улсын нийслэлийн төвд болсон эмх замбараагүй түйвээнээр  5 хүн амь насаа  алдсан. Хэдэн  зуун хүн шархдаж, хоригдож орон даяар айдас хүйдэст автсан. Дэнжийн 1000-ын цагдан хорих төв, Ганц худаг дахь Цагдан хорих төв хоригдлуудаар дүүрсэн. Цагдаагийнхан нойр хоолгүй сэжигтнүүдийг байцаасаар тамир нь тасарч  байв.  Ах дүү, үр хүүхэд нь хэрэгт холбогдсон хүмүүс дэмий л санаа нь зовж, шоронгийн гадаа үймэлдэж байлаа. Тэр өдөр болсон гунигт явдлыг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө дүгнэж бодож яваа. Харин өчигдрийн киног харж байхад тухайн үйл явдлыг тал талаас нь гаргах гэж нэлээд хичээсэн боловч гол фокусыг цагдаа дээр тохируулжээ. Цагдаа өргөсөн тангараг албан үүргийнхээ дагуу ажиллаж байсан нь сайн боловч алдаа бишгүй гаргасныг мартаж боломгүй. Хуучин бодол сэдэрч,долдугаар сарын 1-ний аймшигт явдлыг эргэн санахаас өөр арга олдсонгүй. Монгол Улсын УИХ-ын сонгуулийн  дараа  МАХН 45 суудал, АН 28, бусад этгээд 4 суудал эзлэхээр урьдчилсан дүн гарчээ.  АН, БНН, Иргэний эвслийн удирдах хүмүүс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, “эрх баригчид луйвардлаа” хэмээн мэдэгдэж байв. 2008 оны 6 дугаар сарын 30-ны  шөнөөс эхлэн  улстөрчид орон  гэртээ тогтож сууж чадахгүй ёстой л “орчилдон хөрвөлдөж” энд тэнд сэм уулзалдаж,  үгээ нийлүүлж байсан гэдэг.Маргааш нь буюу 7 сарын 1-ний  үдээс өмнө Сүхбаатарын талбай дээр улс төрийн хүчнүүд олон жил улстөрд  ноёрхож байгаа МАХН энэ удаагийн сонгуульд  ч бас бусдаас илт давуу санал авсныг луйвар хэмээн шүүмжилж ,МАХН-ыг газрын хөрстэй тэгшлэе хэмээн хөөрцөглөж,  “овоо босгосон” нь тэр байжээ. “Ард түмний амьдрал ядуу байгаагийн буруутан нь  МАХН, энэ удаагийн сонгуулийг ч луйвардлаа, шударга бус сонгууль боллоо” гэж олны цөсийг хөөргөж орхисон.  Сүхбаатарын талбай дээр жагссан хүмүүс ямар зорилготойг бүү мэд,МАХН-ын байр руу  чиглэсэн. МАХН-ын байрны гадаа очиж дарга нартай уулзая гэж шаардлага тавьсан боловч МАХН-аас албаны хүн гарч ирээгүй. Харин цагдаа нар бөөнөөр ирж намын байрыг хамгаалж эхэлсэн бөгөөд  дотогш нэвтрэх гэсэн хүмүүсийг түлхэж хөөж “холд,зайл”гэж загнасан. Ийм байдал хүмүүст таалагдсангүй. Тайван жагсаал сүүлдээ хүчирхийлэл, үймээн болж хувирсан. Тэр үед юу болж байсныг ТВ-ээр шууд дамжуулсан. Хүмүүс цагдаа нартай зодолдож, чулуу шидэж байв. Цагдаа нар хүмүүсийг бороохойдсон. Чулуу хаанаас гараад байгааг мэдэхгүй, харсаар байтал томтом чулуу газраар хөглөрсөн байсан.Тухайн үед цагдаа,жирийн иргэд юуг хамгаалж өмгөөлж хоорондоо тэмцэлдэж байгааг ойлгоход бэрх байлаа. Хаанаас эхэлсэн нь тодорхойгүй  улаан гал гэнэт гарч, намын байр шатаж эхэлсэн. Жагсаж үймэлдсэн  хүмүүс гал үзээд улам хөөрч, гал руу том том шилтэй архи шидэж, толгойгоо алчуураар боосон хэдэн залуу яахаас ч буцахгүй авирлаж байсан.Нэг харахад,МАХН-ын байр,Соёлын төв өргөө шатаж юу болов энэ чинь гэмээр.  Тэгж байтал зам дээр тавьсан  автомашиныг хэд хэдээр нь эвдэлж хэмхэлж хаяж байв.  Нэг мэдэхэд, нөгөө машинууд цаас шиг шатаж, “хүүе, хаая” гэхийн зуургүй утаа болж замхарсан. Хамгийн хачирхалтай нь, тэр олон машин хэнийх байсан нь бүү мэд. Үймээний үеэр “миний машиныг шатаачихлаа,би хохирлоо” гэж дугарсан хүн байгаагүй. Зориуд машинаа шатаалгана гэж баймгүй. Түүнээс гадна МАХН-ын байр руу шидээд байсан том том чулууг хэн хаанаас авчирсан бэ гэдгийг бас л хэн ч мэдсэнгүй,эзэнгүй үлдээсэн. Үймээн зохион байгуулсан хүмүүс машинаар чулуу ачиж ирсэн гэхээс өөр юу ч тодорхой биш байсаар хэрэг дууссан. Бүр сүүлд уг хэрэг   хойш 3 жилийн дараа Ерөнхий сайд байсан С.Баяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Чулуу зөөсөн машины дугаар байдаг,калибрын сум бас бий” гэж ярьсан байдаг.  Яагаад өмнө нь ийм зүйлийг  яриагүй нь сонин. Үймээний хэргийг шалгасан ажлын хэсгийнхэн 62 хавтастай 16 мянган хуудас баримт цуглуулсан гэдэг. Тэр дотор нь ороогүй,энэ мэт “но”-той, ноцтой  юм бас нэлээд байдаг бололтой. Тэр ч байтугай үймээний үеэр амиа алдсан хүмүүсийг хэн хөнөөснийг цагдаагийнхан тогтоосонгүй. Онц байдал зарласны дараа зугтаж явсан хүмүүсийг буудсан нь тогтоогдсон. Зугтаж байсан хүмүүс “Цагдаа нар араас хөөсөн,зодсон, буутай байсан” гэх зэргээр мэдүүлсэн тухай зүгээр л яриад л өнгөрсөн. Тэгэхээр энэ хэргийн буруутныг тогтоохгүйгээр хавтсаа хаасан нь хэний ашиг сонирхол юм бол гэх асуулт хариу нэхсээр байгаа.Долдугаар сарын 1-тэй холбоотой анхаарал татсан нууцлаг зүйл  олон байдаг юм билээ.  Тэр өдрийн 18.40 цагийн орчимд МАХН-ын нэгдүгээр давхарт гал гарч эхлээгүй байхад тавдугаар давхраасаа шатаж байсан.  МАХН-ын байрны урд байсан шатсан машинаас хоёр шуудайтай мөнгө гарсан. Шатсан байрны хоёрдугаар давхрын зүүн урд талын  өрөөний төмөр шүүгээнээс 400 сая төгрөг бэлнээр гарсан. Гэхдээ тэр их мөнгө хэнийх вэ,ямар учиртай вэ гэдгийг бас л нууцлаад өнгөрсөн. Энэ мэтчилэн тайлагдаагүй үлдсэн нууцлаг бүхэн  хэзээ нэгэн цагт ил болох болов уу гэж чих тавьж явдаг хүмүүст хэн  хариу өгөх вэ. Цаг хугацаа нисэх мэт хурдлаад л өнгөрнө,  яарвал сайнсан. Хэд хоногийн өмнө дуучин Жавхлан тэргүүтэй хүмүүс МҮОНТ-ээр шууд мэтгэлцэнэ гээд дайрч давшлах үеэр  Ц.Оюундарь дарга долдугаар сарын 1-ний киног үзүүлнэ, гаргана гэж үзүүлнэ,гарган гэж амласан ёсоороо харуулав. Ийнхүү өнгөрснийг сануулсан хальснуудыг харах тоолонд  төрийнхний ард түмнээс нуугаад байгаа үнэнийг мэдэхсэн гэх нэхэл хатуу бодол сэтгэл сэмрүүлнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.26.194.198)
    SANAKA LUIVARDUULKA GJ ELBEGDORJ AN DER HEVKELIIN HURAL HIIGEED MARGASH UGLU N IIM YUM BOLSN DOO.
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.8.114)
    Ерөнхийлөгч БНН-ын дарга болон нэр бүхий улсууд эхлүүлээд зугтаасан хяналт гарт байгаа гээд байсан шүүдээ энэ хэрэгиййг өдөөсөн хүмүүс одоо зүгээр л явж байгаа маш их өмч хөрөнгө шатаасан жагсаал цуглааныг удирдсан улссудаар төлүүлж улсын төсвөөс гарсан мөнгийг төлүүлээчээ
    2015 оны 03 сарын 17 | Хариулах
    • хэхэ
      бид шудрага ёсны төлөө тэмцсэн шүү
      2015 оны 03 сарын 17