
Шийдлийн Засгийн газрын хийж байгаа хамгийн том ажил нь энэ сарын 27-28-нд шилжих шөнө байгалийн цагийг нэгээр урагшлуулах юм. Цагийг нэгээр урагшлуулчихвал дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж,эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэх үүд хаалга цэлийтэл нээгдэх аж. Үнэхээр тэр хөгжил нь хүрээд ирдэг юм бол нэгээр биш 2,3,4.....бүр хэдээр ч хамаагүй урагш нь болгоё л доо. Уучлаарай,тэр ёстой сэрүүн зүүд шүү. Манай улс өмнө нь хэд хэдэн удаа цагаа урагшлуулж байсан боловч тэгтлээ ашиг гарсан нь бага тул больсон. Наад зах нь хүн ардынхаа эрүүл мэндийг бодоод тэнэг шийдвэрээс татгалзсан биз. Харин Ч.Сайханбилэгийн үед ард олноороо хэсэг хугацаанд нойрмоглон явах нь тодорхой болов. Хэдхэн хоногийн дараа 8.00 цагт эхэлдэг сургууль,цэцэрлэг 7.00 цагт эхэлнэ. Тэгэхээр нялх багачуул маань нэг цагийн өмнө босох болно. “Ээж ээ, жоохон унтъя л даа, аав аа намайг битгий сэрээ л дээ” гэж нойроо харамлан уйлагнадаг энхрий бяцхан үрс нүд нь аниатай “алба”-даа явах нь. Хоёр,гуравхан настай цэцэрлэгийн хүүхдүүд төрийн дарангуйллыг биеэрээ эдлэх нь гарцаагүй болжээ. 6-хан настай сургуулийн сурагч ямар гэмтэй гэж үүр цүүрээр босож,өөрөөсөө ахадсан цүнхээ дааж ядан үүрээд эрдмийн аяндаа гарах юм бол. Манай улс шиг үр хүүхэддээ төрийн дарангуйллыг тулгадаг улс орон хэр олон бол. Цагийг нэгээр урагшлуулахаар эдийн засаг,эрчим хүчинд их хэмжээний хэмнэлт гарч, улс оронд ашиг авчирдаг юм гэсэн. Ажлаасаа тарж ирсэн хүмүүс гэртээ сайхан амардаг юм гэнэ лээ. Амрахаасаа илүү ядарч ирээд муужраад унтдаг гэвэл үнэнд нийцнэ. Ард түмэн, ирээдүй үе эрүүл энх байх эсэх Засгийн газарт падгүй. Зөвхөн ашиг чухал. сэн болсон. Ядахдаа цаг урагшлуулахаар хүний биед хэрхэн нөлөөлдгийг мэргэжлийн хүмүүсээс асуусан бол сайнсан. Анагаах ухааны доктор, профессоруудын ярих нь, цагийг дур зоргоор урагшлуулж, хойшлуулах нь хүний бие махбодид маш муу нөлөөтэй гэнэ. Хүний амьдрал байгалиас заяасан хэмнэлээр явдаг. Үүнийг биологийн хэмнэл гэдэг аж. Тодруулж хэлбэл, хүн биологийн хэмнэлээр амьдрахдаа орчиндоо дасан зохицож, төрөхөөсөө эхлээд үхэх хүртлээ уг зохицлоор амьдарна гэсэн үг. Энэ хэмнэлийг гэнэт өөрчлөхөөр хамгийн түрүүнд бие махбодийн үйл ажиллагаа хямарна. Хамгийн эхний хямрал нь нойртой холбоотой. Нойрсоно, унтана, сэрүүн байна гэдэг нь байгалийн хэмнэл. Бид хэмнэлээрээ унтаж хэмнэлээрээ сэрдэг. Үүнийг гэнэт тас цохихоор хямрахгүй гээд яах вэ. Манайхан Америк,Европ,Австрали хаашаа л бол хаашаа нисээд л буугаад л байх болсон. Тэгвэл цагийн зөрүү арилахгүй яаж ядардаг билээ, мэдэж байгаа шүү дээ. Наад зах нь нүд анилдаад л суусан газраа үүрэглээд л ядаргаа болдоггүй гэж үү. Хөдөлмөрийн бүтээмж буурлаа энэ тэр гээд яриад ядарсан зүдэрснээ гайхдаг биз дээ. Өнөөдөр нийслэлд байгаа их дээд сургуулийн хичээл 7.40 цагт эхэлж байгаа. Одоо цаг урагшлуулахаар 6.40 цагт эхлэх нь. Байгалийн хуульд захирагдсан зохицлыг төрийн шийдвэрээр өөрчилнө гэдэг ард түмний эрүүл мэндийн эсрэг хийж байгаа ноцтой туршилт гэвэл тэгтлээ эмзэглэх хэрэггүй байх. Ард түмний эрүүл мэндийг дайсагнах эрх хэнд ч байхгүй. Төр төмөр нүүртэй гэхэд арай ч ийм болд,ган шиг байж болохгүй байх аа. Хүний бие махбодь гадаад орчинд гайхалтай зохицдог хэдий ч дасан зохицох үйл явц хамгийн багадаа 14 хоногоос 3 сарын хугацаатай байдаг гэсэн судалгаа байна. Тэгэхээр бие махбодь бүхэл бүтэн улирлын дараа арайхийж дасан зохицож байхад нь дахиад л цагийг хойшлууллаа гээд өөрчлөх нь хэр ухаантай шийдвэр вэ, Ерөнхий сайд аа. “Ухаантай эзний дор ард түмэн бөхөлзөн жаргадаг, тэнэг эзний хөлд чирэгдэн зовдог юм” гэж Өүлэн эхийн хэлсэн сургаалийг санаарай.
Сэтгэгдэл (2)