
УИХ-ын гишүүн Б.Наранхүү нутгийнхандаа мөнгийг ч ёстой баруун солгойгүй цацав. Өнгөрсөн бямба гарагт Дундговь аймгийн нутгийнхны золголт эрхэм гишүүний “Дүнжингарав” захад болжээ. 5000 гаруй хүн цугларсан их золголт өглөөнөөс үдшийн бүрий хүртэл үргэлжлэн найрлав. Золголтод ирсэн Дундговиор овоглодог аймаг, улсын цолтой, 60-аас дээш насны 110 уяач, бөх, харваач нарт Б.Наранхүү хувиасаа тус бүр нэг сая төгрөг гардуулсан байна.
Тэр үдэш шагналын хур аадар мэт цутгажээ. Нутгийн хөгшдийг ч мартсангүй. 85-аас дээш насны 30 өндөр настанд "Есөн эрдэнийн" гэх бэлэг өргөн барьсан байна. Бэлэг,шагнал үргэлжилсээр оргил цэгтээ хүрэхэд аймгийн арслан Э.Даш эрхэм гишүүнээс Улаанбаатар хотод нэг өрөө байрны түлхүүр гардан авч магнай хагартал баярлав. Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан Ц.Анхбаярын аав, ээж нь нийслэлийн “Sunny town”-д хоёр өрөө байрны түлхүүрийг хаш чулуун батламжийн хамт гардан авч бас л бөөнг баяр. Бэлэг үүгээр дууссангүй. Өнгөрсөн шинэ жилийн баяраар “Алтан угалз” сүлд модны наадмын сугалааны азтан зургаан хүнд IPhone гар утас , УАЗ-469 машин өгөхөөр амласнаа биелүүлж, бэл бэнчин нүнжиг юугаа үзүүлэв. Үнэнийг хэлэхэд, Б.Наранхүү УИХ-ын гишүүн биш өвлийн өвгөн, эсвэл Санта Клаус байсан бол дээр байх байжээ гэж харагдсан даа. Үүнийг хэлэхийн учир нь,хүнд дэндүү зохидог дүр байдаг шүү дээ. Өглөгч залуу бэл бэнчингээ гайхуулахаасаа илүүтэй ирэх сонгуулийн бэлтгэлээ эртнээс базаав бололтой гэж нутгийн хашир жиг жугхийв. Хүнээс бэлэг авчихаад муу хэлдэггүй монгол жудаг байдаг ч нутгийн хашир өвгөд ирэх сонгуульд хэнийг дугуйлахаа бид мэдье гэлцэнэ.

Морины хорхойтон,бизнесмен Б.Наранхүү өнгөрсөн сонгуулиар нутгийнхаа дарга нарт “Ланд” бэлэглэж, хүн толгойтой болгонд гар цайлгаж явсан нэгэн. Ёстой л “Дээд хүүхэнд дээлийн торго, адгийн хүүхэнд ам даавуу” гэдэг шиг юм болж орчин цагийн Толь Гэндэнгийн дүрийг гайхалтай бүтээсэн дээ. Хүмүүс мартамхай болохоор тэрийг одоо санахаа больсон биз дээ. Үүнийг анзаарсан Б.Наранхүү золголтоор өөрийгөө сануулсан нь энэ болов уу. УИХ-д орж ирээд Б.Наранхүү гишүүн юм хийж шалиагүй. Тангараг өргөв үү үгүй юу хувийн бизнесээ мандуулаад арилж өгсөн. Сонгогчдын захиас,эргэж уулзах нүүр,монгол хүний ёс жудаг энэ тэр гэж байдаг даа. Төрийн ордонд үзэгддэггүй, чуулганы хуралдаанд огт суудаггүй гэсэн тодотгол түүнийг дагалдсаар удаж буй. Хувийн бизнесээ эх орондоо байтугай хилийн цаана ч хөгжүүлж байгаа. Өнгөрсөн зун Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Япон улсад айлчлал хийж явахад 68 давхар орон сууц, таван одтой зочид буудал, худалдаа, үйлчилгээний төв, оффисийн зориулалттай барилгын макет үзүүлж байсан. Бодвол,тэр байшин барих ажлаараа Японд байдаг байх. Тухайн үед “ нөгөө үзэгддэггүй Наранхүү чинь яагаад гэнэт гараад ирэв, Японы иргэн болов уу “гэж сонгогчид нь гайхширч байсан. Харин тэрээр Монголд барихаар төлөвлөж байгаа барилгаа үзүүлж, УИХ-д хуралдаж чадахгүй харайлгаад байсныхаа учрыг дэлгэсэн нь энэ юмсанж.
Б.Наранхүүгийн Хүүхдийн паркаас хумсалсан нэг га газар өчнөөн жил хэрүүл маргааны сэдэв болсоор олон жилийг ардаа орхисон. Гэвч Монголын шүүх уг газрыг түүний өмчлөлд үлдээсэн. Мөнгөтэй хүн бүгдийг хүссэнээрээ шийдүүлдэг хойно түүнтэй маргаад тусыг эс олов хэмээн паркийнхан гунигтайхан өгүүлж байсан нь саяхан. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Наранхүү ялалтын маршийг “эгшиглүүлэн” үргэлжлүүлж, мөнгөөр хур буулгаж явна. УИХ-ын гишүүн хүн ямар заваараа наймаа хийж хөрөнгөө хэдэн зуун саяар арвижуулж, “алт,мөнгө”-ийг атга атгаар нь тарааж явдаг юм бол. Б.Наранхүү гишүүнд төрийн хууль үйлчилсэнгүй. Төрийн төмөр нүүр Б.Наранхүүг харахаараа хайлчихдаг гэсэн олны яриа хаврын салхинд хийсч олны сонорыг мялааж байна.
Сэтгэгдэл (20)