А.Гэрэлцэцэг:“Дорноговь Симба” нэртэй шоунд бүтээсэн дүр маань мартагддаггүй
“Аливаа хүнд үргэлж инээд хөөр бэлэглэнэ гэдэг хамгийн том буян” хэмээн хошин урлагийнхан ярьж, өөрсдийн мэргэжил, авьяасаараа бахархдаг юм билээ. Үнэхээр ч хошин урлагийн продакшнуудын тоглолт үзэгч олонтой байдаг бөгөөд тэдний олонхи нь “Нэг хэсэгтээ л сэтгэл өөдрөг, сайхан байдаг юм” хэмээдэг. Түүнчлэн, хошин урлагийн продакшнууд сайхан бүсгүй олонтой. Тэдний нэг нь МУСТА А.Гэрэлцэцэг гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тэрээр, тайз, дэлгэцийн бүтээлд авьяасаа сорьж яваа бөгөөд олон сайхан дүрийг нь үзэгчид андахгүй мэднэ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Таны тоглосон “247 градус” нэртэй кино энэ сарын 4-нд нээлтээ хийлээ. Энэ кино юугаараа бусдаас онцлог вэ?
-Энэ кинонд би эмэгтэй гол дүрийн жүжигчнээр ажилласан. Эрэгтэй гол дүрд жүжигчин Э.Ууганбаяр тоглосон. Мөн киноны дүрүүдэд “Маск” продакшны жүжигчин, МУСТА Э.Алдар, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг нар тоглосон. Энэ кинонд олон хүнтэй хамтран ажилласан. Киног Бат-Өлзийн Тамир найруулсан юм. “247 градус” Б.Тамирын дөрөв дэх бүрэн хэмжээний кино. Манай кино урлагийн салбар агуулгын хувьд баялаг болж, хөгжиж байна. Үүнийг дагаад кино театрууд үзэгчдээр дүүрдэг болж. Үнэнийг хэлэхэд монголчууд нэг хэсэг Европ, Холливудын киног их үздэг байсан бол одоо Монголынхоо уран бүтээлүүдийг түлхүү үздэг болсон байна. Бидний тоглосон “247 градус” кинонд хайр дурлалын талаар өгүүлдэг. Хүн сэтгэлээсээ хайрыг мэдэрдэг, сэтгэл зүрхээрээ хайр сэтгэлийг олдог тухай өгүүлдэг юм. Одоогийн нийгэмд танилцах юм бол өнгө зүс, мөнгө төгрөгийг нь харж “баг”-тай амьдардаг болж. Харин бидний бүтээсэн кинонд “баг”-гүйгээр амьдарч жинхэнэ хайраа олж болох талаар өгүүлдгээрээ онцлогтой.
-Дэлгэцийн бүтээлд тоглоход ямар байв?
-Кинонд тоглох хэцүү байлаа. СУИС-ийг төгссөн цагаас хойш тайзан дээр нэлээд хэдэн жил тоглосон. Харин дэлгэцийн бүтээл миний хувьд шинэ зүйл байлаа. Өнгөрсөн хугацаанд кинонд тоглох олон санал ирсэн ч заримынх нь зохиол таалагддаггүй байсан. Ирж байгаа дүрүүд нь таалагддаггүй, бас миний үндсэн ажил болох “Маск” продакшны ажил давхацдаг учраас саналуудыг хойшлуулдаг байжээ. Тэгсээр яваад анх “Би хайртай” нэртэй олон ангит кинонд тоглосон. Анх удаа кинонд тоглохдоо үнэхээр тулгамдсан. Ер нь, хүн мэдэхгүй зүйлээ хийхээр нэг “тийм” байдалд ордог шүү дээ. Гэхдээ амархан ажил гэж хаана байх вэ. “247 градус” бол миний тоглосон анхны уран сайхны кино. Тийм ч учраас киноныхоо нээлтийг болох гэж байхад догдлоод, тэсч ядаад, сэтгэл их хөдөлж байсан. Энэ киноны зохиол надад маш их таалагдсан.
-“Дүрээ амилуулахын тулд тольтой ажилладаг” гэж зарим жүжигчин хэлдэг. Харин та дүрийнхээ бэлтгэлийг хэрхэн хийдэг вэ?
-Хамтран тоглож байгаа уран бүтээлчид маань туршлагатай болохоор тэдний түшиг тулгуураар, мөн өмнө нь тоглож байсан бүтээлүүдэд үндэслэж анхны уран сайхны киноны дүрээ бүтээсэн. Түүнээс биш би тольтой ажиллаж бэлтгэж байгаагүй. Ер нь, хошин урлаг хүнээс их ур чадвар, авьяас шаарддаг. Тэр утгаараа жүжигчин хоёр цагийн дотор архичин, биеэ үнэлэгч, эсвэл эрх охин, бүр 70 настай эмээгийн дүрийг ч бүтээх шаардлагатай болдог. Гэхдээ жүжигчин хүн дүрээ судална гээд дүр болгоноо амьдрал дээр турших боломжгүй. Харин нийгэм, хүрээлэн буй зүйлсээ харж, тэндээс туршлага судалж дүрээ амьдруулдаг. Энэ нь, жүжигчдийн сэтгэлд суусан байдаг, өөрөөр хэлбэл, сургуульд байхаас нь заадаг юм. Тэгэхээр жүжигчний мэргэжил сонирхолтой хэдий ч хатуу, гэхдээ их аз жаргал өгдөг мэргэжил юм даа.
-Анх “Маск” продакшнтай холбогдсон түүхээсээ хуваалцана уу?
-Сургуулиа төгсч байгаа оюутнууд драмын театрт ажиллах амаргүй байдаг. Гэтэл хувь тохиолоор “Шинэ үе” продакшны Б.Ариунболд захирал “Манай хамтлагт орж ажиллаач” гэсэн санал тавьснаар анх би хошин урлагийн жүжигчин болсон доо. Тэндээс “Маск” продакшн байгуулагдаж, би ах нартайгаа хамтран ажиллах болсон юм. Энэ хамтлагаараа овоглож, амьсгалж, амьдралын бүх түүх маань “Маск”-тай холбогдсон байна.
-Хошин урлаг гэхээр хүмүүс бүтээхэд хялбар, амархан гэж боддог. Яг энэ гал тогоонд ажиллаж байгаа жүжигчний хувьд үүнийг хэрхэн тодорхойлох бол?
-Хүн харахад хурдан хийчихмээр, бэлтгэх шаардлагагүй юм шиг санагддаг байх. Тэгээд ч хүмүүст инээд бэлэглэж байхад “Хошин урлаг маш хүнд ажил” гэж хэн бодох вэ дээ. Гэтэл цаана нь хэр баргийн хүн хийхээргүй, хэцүү гэдгийг яг ажилласан хүн л ойлгодог.
-Нийгэм жүжигчдээс олон талын авьяас чадвартай байхыг шаарддаг болжээ. Энэ хэрээр сүүлийн үеийн жүжигчид дуулж, бүжиглэж, зохиох, зурахаас эхлээд олон зүйл үзүүлдэг болсон. Та ч гэсэн шаггүй дуучин, мөн балетаар хичээллэж байсан биз дээ?
-Ерөөсөө манай хошин урлагийнхан чинь дуулна, бүжиглэнэ, шүлэг уншина, хүмүүсийн дүрд хувирна, өөрсдөө хувцасны загвараа гаргана, зохиолоо бичнэ, тайзаа засна гээд бүх л ажлыг бие дааж хийдэг. Хүн энэ нийгэмд амжилттай амьдаръя гэвэл ингэж хийхээс ч өөрцгүй юм.
-Хошин урлагийн тоглолтын зарим үзүүлбэрийг үзэхэд “Оновчтой талыг нь яаж ингэж бодож харж чадав аа” гэмээр агуулга, санааг гаргасан байдаг. Ер нь танай продакшныхан зохиолын санаагаа хэрхэн гаргадаг вэ?
-Энэ талаар хүн бүр асуудаг. Гэхдээ “Үүнийгээ тэгээд хийчих” гэж нэг ч хүн бидэнд хэлж, заадаггүй. Бүгд ярилцаж байгаад тоглолтын санаагаа гаргадаг юм. Түүнээс биш дарга нь даргынхаа ажлыг, цэрэг нь хар бор ажлаа хийнэ гэдэггүй. Бид сайхан уур амьсгал бүрдүүлж чаддаг учраас л гайхалтай бүтээл төрдөг юм. Энэ продакшны жүжигчин болсоор гол болон туслах олон сайхан дүр бүтээсэн. Тэдний дундаас “Дорноговь Симба” нэртэй шоунд бүтээсэн дүр маань мартагддаггүй юм. Тэр дүр миний бүтээсэн хамгийн анхны эмэгтэй гол дүр байсан. “Магнай, магнай” гээд л гүйгээд байдаг даа. Би тэр дүрдээ хайртай.

-“25 дугаар суваг” телевизийн “Их хотын үдэш” нэвтрүүлгийг нэг хэсэг хөтөлдөг байсан. Сүүлийн үед тэр нэвтрүүлэг гарахгүй байна. Та хөтлөхгүй байгаа юм уу?
-“Их хотын үдэш” нэвтрүүлгийг гурван жил хийгээд завсарлах шаардлагатай болсон. Энэ нэвтрүүлгийг хөтөлснөөр би их зүйл сурсан. Бас л их хэцүү зүйл рүү орсон шүү. Анхныхаа нэвтрүүлэгт юу ярих гээд байгаа нь мэдэгдэхгүй, яах гээд байгаа нь ойлгогдохгүй байгаа юм шиг байсан. “Маск” продакшн “25 дугаар суваг” телевизтэй хамтран ажилладгийн хүрээнд би хөтлөгч болсон. Анхныхаа нэвтрүүлэгтээ хамтлагийнхаа ах нарыг дуудаж, тусламж хүсч байлаа. Нөгөө хэд маань ч ирээд намайг буруу, зөв ярихаар засч өгдөг байсан. Ингэж хөтлөгчийн гараагаа эхлүүлээд одоо бага ч атугай туршлагажаад энд тэнд хөтлөгч хийж байна. Ер нь, манай жүжигчид үндсэн ажлынхаа хажуугаар хөтлөгчийн ажил хийдэг юм.
-Хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэгээр олон нийт таныг нэрлэдэг. Ихэнх цагийг тайзан дээр өнгөрүүлдэг болохоор гоо сайхандаа анхаарал тавих нь зайлшгүй шаардлагуудын нэг биз?
-Оюутан байхдаа гоо сайхандаа анхаарал тавьдаггүй байжээ. Тэр бүү хэл олдсон зүйлээр нь нүүрээ угааж, хэрэглэчихдэг байсан. Хүмүүс “Залуу насаараа гоё” гэж хэлдэг. Тухайн үед түүнийг ойшоодоггүй, ухаж ойлгодоггүй байсан юм шиг. Гэтэл одоо эргээд бодсон чинь тэр хүмүүсийн хэлдгээр залуу насанд яаж ч нойргүй хоносон, юугаар ч нүүрээ угаасан сэргэх чадвартай байдгийг хэлээд байсан байна. Ер нь, хүн гоо сайхандаа анхаарал хандуулж, үргэлж тордож байх хэрэгтэй юм шиг санагдсан. Энэ утгаараа одооноос гоо сайхандаа анхаарч, өөрийгөө тордож эхэлж байна. Үүнээс би эмэгтэй хүн бол цэцэг юм байна. Цэцгийг өдөр болгон усалж, наранд тавьж, шарласан навчийг нь түүх хэрэгтэй байдаг шиг эмэгтэй хүн өөрийгөө байнгын тордож байх хэрэгтэй юм байна гэдгийг саяхнаас л бодож байна. Гэхдээ бидний ажилд гоо сайхандаа анхаарч, тэгж зарцуулах зав байдаггүй л дээ.
-Ажиглахад та гоёл чимэглэлийн зүйл нэг их зүүдэггүй. Магадгүй энэ нь таны стильтэй холбоотой юу?
-Би гоёл чимэглэлийн зүйлд дурладаггүй. Бас дэлгүүр хэсэх, тэрийг л авчих юмсан гэх сэтгэл төрдөггүй. Мөн фэйсбүүк ажиллуулдаггүй, твиттер, инстаграмм ч сонирхдоггүй. Гэхдээ нэгэнт л ийм нийгэмд амьдарч байгаа учраас надад фэйсбүүк хаяг бий. Би түүнд өдөр болгон зураг хийж, цаг заваа үрдэггүй. Энэ нь нэг талаараа миний дутагдал.
-Эмэгтэй хүн бүр ямар нэгэн зүйлд шунадаг гэдэг. Таны шунадаг зүйл юу вэ?
-Надад шүтдэг жүжигчин, дуучин байхгүй. Гэхдээ дуу сонсвол Рокит Бэйн дуунд дуртай. Т.Ариунаа гавьяатын “Бундан зүрх”-ийг сонсох дуртай. Ингээд л салбар бүрийн таалагдсан зүйлээ л сонирхдог. Ингээд бодохоор миний амьдралын шунал бол урлагийн ажил л юм байна.
-Айлын хэд дэх охин бэ?
-Би таван хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Нэг эгч, гурван эрэгтэй дүүтэй.
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Энэ өдөр хүн бүр л ээжийгээ ямар нэгэн байдлаар баярлуулахыг хичээдэг. Таны хувьд ээждээ ямар бэлэг барив даа?
-Миний ээжийг Норжмаа гэдэг. Насаараа цэцэрлэг тогооч хийсэн хүн бий. Одоо тэтгэвэртээ гарсан. Ээж минь бүх хүнд хоол хийж өгдөг сайхан бүтээлч зан чанартай. Хоол хийхдээ ерөөсөө түвэгшээдэггүй. Тэгэхдээ хүнд нэг төрлийн хоол хийгээд болчихдоггүй. Заавал нэг, хоёрдугаар хоол хийж хажуугаар нь чимэг болохоор зүйлийг нь хийхээ ч мартдаггүй. Гэтэл охин нь хоол хийхдээ маруухан л даа. /инээв/ Гэхдээ энэ жилийн Мартаар ээждээ гарын хоолоо хийж өгсөн. Мөн жил болгон ээждээ цэцгийн баглаа бэлэглэдэг. Энэ жил ч өгсөн, ээж маань баярласан байх аа.
-Мисс Д.Ариунцэцэгийг тантай адилхан гэж олон хүн хэлсэн болов уу. Магадгүй тиймээс ч та хоёр нэг сурталчилгаанд тоглосон байх. Ер нь, та хоёр биенээ хэр мэдэх вэ. Найзууд уу?
-Биднийг оюутан байхад л адилхан гэж ярьдаг байсан. Намайг хоёрдугаар курст байхад Д.Ариунцэцэг миссийн тэмцээнд оролцож байсан юм. Тэр үед манай сургуулийн жүжигчний ангийнхнаас нэг нь тэр миссийн тэмцээнд орж таараад надад “Гэрэлээ энд чамтай адилхан охин байна” гэж хэлсэн. Тэгээд л төдөлгүй Д.Ариунцэцэг дуучин Д.Болдын клипэд тоглож, би ч “Никитон” хамтлагийн “Нандин шүтээн” дууны клипэд тоглосноос хойш биднийг андуурдаг болсон. Урлаг ер нь адилхан болгоод зохицуулчихаж байгаа юм л даа. Бид сайн найзууд. Гэхдээ найз гэхээрээ өдөр болгон уулзаад, учиргүй амьдралын хов жив ярьдаггүй л дээ.
-Таныг гэр бүлтэй болох тал дээр нэг их яардаггүй гэж сонссон. Ер нь, гэр бүлийн амьдралын талаар төлөвлөсөн зүйл байгаа юу?
-Би найз залуутай. Урлагийн хүн биш ч надад хамгийн их зөвлөдөг. Миний тоглолт бүрийг үздэг. Гэхдээ миний хувьд өдөр болгон юу хийж яваагаа фэйсбүүкт бичиж, тоочих дургүй. Тиймээс би гэр бүлийнхнийхээ талаар ярих дургүй. Зүгээр л, хувь хүн, эмэгтэй хүн талаасаа аз жаргалтай амьдрахыг л хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа, таныг урлагийн тэнгэр үргэлж ивээж байх болтугай!
Сэтгүүлч Б.Наранболд
Сэтгэгдэл (2)