УИХын хаврын чуулганы халуун сэдэв нь Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл байх нь гарцаагүй. Өнгөрсөн хугацаанд ч дээрх хуулийн төслүүд улс төрийн намуудын анхаарлын төвөөс гарсангүй. Гагцхүү өнөөдрийг хүртэл зарим чухал заалтад намууд санал нэгдэхгүй байсан учраас хэсэгтээ нам, жим байсан хэрэг. Өнгөрсөн долоо хоногоос парламентад суудалтай намууд сонгуулийн тогтолцооны талаар өөрсдийн байр сууриа тодорхой илэрхийлж эхэллээ. Сонгуулийн хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг хийх болгонд иргэдийн саналыг хар машинаар тоолох уу, сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдэгт улстөрчид удтал маргалддаг байв. Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар өнгөрсөн хугацаанд Р.Бурмаа гишүүн ажиллаж байсан ч УИХын дарга З.Энхболдын захирамжаар Ж.Батзандан гишүүн ажиллахаар болжээ. Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг С.Баярцогт ахалж байснаа больж, Ш.Түвдэндорж гишүүнийг ажлын хэсгийн ахлагчаар томилсон байна. Парламентад суудалгүй намуудын хувьд Сонгууль болон Улс төрийн намуудын тухай хуульд оруулах саналаа аль хэдийнэ ажлын хэсэгт өгчихөөд байгаа юм. Сонгуулийн хугацаа ойртох тусам дээрх хуулийн төслүүд маапаантай болох магадлал нэмэгдэнэ гэдгийг цөөнгүй улстөрчид сануулж байгаа. Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлтэй зэрэгцээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж байна. Ингээд улс төрийн намууд сонгуулийн тогтолцооны талаар ямар байр суурь баримталж байгааг тоймлон хүргэв.
АН 28:48 хувилбарыг дэмжиж байна
Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг АН-ын гишүүд ахалж байгаа. Гэхдээ ажлын хэсэгт бүх намын төлөөллийг оруулж, санал бодлыг нь тэнцүү сонсч байгааг албаныхан онцолдог. Гэвч өнөөдрийг хүртэл дээрх хуулийн төслийн барааг намуудын төлөөлөл олж хараагүй гэдгээ хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн нэгдсэн хуульд оруулах саналаа өгөөд байдаг. Эргээд өгсөн санал нь хуулийн төсөл тусч байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн хугацаанд хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, хэрүүлээр дууссан удаатай. УИХ- ын 2016 оны сонгууль хажууханд ирчихээд хаалга тогшиж байхад ажлын хэсгийн ахлагчаа солиод сууж байгааг шүүмжлэх нэгэн ч байна. Маргааны гол сэдэв болдог сонгуулийн тогтолцоон дээр АН-ынхан одоогийн 28:48 гэсэн хувилбарыг дэмжиж байгаа ажээ. Энэ тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл дээр намууд зарчмын зөрүүтэй цөөн хэдэн зүйлсийг эс тооцвол бүгдийг нь тохиролцсон. Намуудын санал нийлэхгүй байгаа асуудлын нэг нь сонгуулийн тогтолцоо юм. Манай намын хувьд 28 нь намын жагсаалтаар 48 нь тойргоос сонгогддог байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Сонгуулийн тогтолцоог хэдэн жил болоод өөрчлөөд байх нь тохиромжгүй. Нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж, санал хуваадаг байдлыг болих хэрэгтэй гэдэгт улс төрийн намууд санал нэгдэж байгаа. Улс төрийн нам болон Сонгуулийн хуультайгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаа зэрэгцүүлээд явах шаардлагатай. Түүнээс биш нэгийг нь түрүүлж баталчихаад дараа нь нөгөөхийг нь гэх замаар явж болохгүй” гэв.
МАН мажоритар тогтолцоог дэмжиж буйгаа мэдэгдэв.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН 100 хувь мажоритар тогтолцоог дэмжиж буйгаа хэвлэлийн хурлын үеэр олон нийтэд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, ард түмэн хэнийг төрийн түшээ болгохоо өөрсдөө шийднэ гэсэн үг. Сонгуулийн санал тоолох хар машинд МАН-ынхан итгэдэггүй. Үүнийгээ ч намын бүлгийн гишүүд нь нэг бус удаа илэрхийлж байсан. Зөвхөн МАН төдийгүй парламентад суудалгүй намууд ч хар машинд итгэхгүй байгаагаа хэлж байв. Тиймээс сонгогчдын саналыг гараар давхар тоолох санал оруулсан ч ажлын хэсгийнхэн зөвхөн маргаан гарсан хэсэгт гараар тоолох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Товчхондоо намууд хар машинаар санал тоолох уу гэдэгт нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Тиймээс МАН-ын бүлгийн гишүүд тойрогтоо ажиллах хугацаандаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, хэрэв өөрчлөлт оруулбал ямар асуудлыг шийдэх вэ, сумын Засаг даргыг ард түмнээс сонгодог болох уу, жагсаалтаар УИХ-ын гишүүн болдог одоогийн хуулийг өөрчлөх ёстой эсэхийг ард түмнээсээ асууж, санал бодлыг нь сонсохоор болжээ.
ИЗНН 50:50 хувь гэсэн хувилбар санал болгов
ИЗНН-ын хувьд дээрх хуулийн төслүүдийн талаар байр сууриа идэвхтэй илэрхийлж байгаагүй ч сонгуулийн тогтолцооны талаар нам дотроо нэгдсэн шийдэлд хүрчээ. ИЗНН 50:50 гэсэн шинэ хувилбарыг дэвшүүлж байна. Тодруулбал, нэр дэвшигчдийн 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционалиар гарч ирэх юм. Хэрэв энэ хувилбараар явбал намын жагсаалтаар төрийн түшээ болох гишүүдийн тоо одоогийнхоос улам нэмэгдэнэ гэсэн үг. УИХ-ын гишүүн гишүүн С.Дэмбэрэл энэ тухай хэлэхдээ “Үндсэн хуульд шууд ба төлөөллийн ардчиллын зарчим байдаг. Олон улсын сонгуулийн тогтолцоог хараад байхаар мажоритар болон пропорционал системийн хувьд нэгнээсээ хэт их зөрүүтэй байхаа больж байна. Энэ хоёр системийн хувь хэмжээ ерөнхийдөө нэг төвшинд очиж байна. Тиймээс манай нам 50:50 гэсэн олон улсын чиг хандлагыг дагаж байна. Хамаагүй шүүмжилж болох эсэхийг мэдэхгүй байгаа ч 100 хувь мажоритар тогтолцоог дэмжинэ гэдэг бол ардчиллын мөн чанарыг сайн ойлгоогүй байна гэсэн үг” гэлээ.
“Шударга ёс” эвслийн бүлэг намын жагсаалтаар орж ирэх гишүүдийн тоог бууруулах хүсэлгүй
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн намын жагсаалтаар орж ирдэг гишүүдийн тоог бууруулах бодолгүй байгаа аж. Зарим намын зүгээс намын жагсаалтаар гишүүн болох эрхийг хязгаарлаж өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа нь эвслийн бүлгийнхэнд таалагдахгүй байгаа бололтой. Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд сонгуулийг аль болох зардал багатай, санхүүг нь олон нийтэд ил тод, нээлттэй зарлаж байх ёстой гэсэн бодолтой байгаагаа эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг илэрхийлж байсан. АН, МАН-д зарчмын зөрүүтэй олон асуудал байгаа учраас Сонгууль болон Улс төрийн намуудын тухай хууль гацаанд орчихоод байгааг эвслийн бүлгийн гишүүд хэлдэг.
Парламентад суудалгүй намууд сонгуулийн тогтолцооноос илүүтэй санхүүжилтийг чухалчилж байна
Парламентад суудалгүй намуудын төлөөлөл улс төрийн намын сонгуульд оролцох санхүүжилтийг төрөөс гаргах ёстой гэсэн байр суурь баримталж байгаа. Ингэж байж АН, МАН гэсэн хоёр том намтай ижил гараанаас өрсөлдөх боломж нээгдэнэ хэмээн тайлбарлаж байгаа. Парламентад суудалгүй намуудын хувьд сонгогчдын саналыг хар машинаар тоолж, давхар гараар хяналтын тооллого явуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Зарим намын төлөөлөл Сонгуулийн нэгдсэн хуульд өөрчлөлт оруулаад ч одоогийн замбараагүй, хариуцлагагүй байдал өөрчлөгдөхгүй гэсэн бодолтой байгаа юм. Жишээ нь, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат “Эрх баригчид Сонгуулийн хуулийг сайжруулах гэж өөрчилж байна гэж тайлбарладаг. Үнэндээ өөрсдийнхөө эрх ашигт тааруулж өнгө будгийг нь өөрчилдөг.Би эрх баригчдаас асуумаар байна. Сонгуулийн хуулийг өөрчлөх гэж өөрчлөөд байна уу. Өөрсдөдөө тохируулж өөрчлөөд байна уу гэж. Хуулийн гол агуулга нь юу юм бэ. Ажлын хэсэг нь байгуулагдаад жил гаруй болж байхад иргэний нийгмийн байгууллагууд хуулийн зарчмын гол агуулгыг нь мэдэхгүй байна. Та нар юу хийх гээд байна. Сонгуулийн маргаан дуусахгүй бүтэн жил үргэлжилж байна. Гэтэл шүүх засаглал нь нэг намаас цаашилбал нэг хүнээс хамааралтай болчихсон байхад бид яаж итгэх юм” хэмээн хэлэлцүүлгийн үеэр бухимдаж байв. Өөрөөр хэлбэл, парламентад суудалгүй намуудад сонгуулийн ямар тогтолцоо байхаас илүүтэй санхүүгийн хувьд АН, МАН-тай ижил гараанаас уралдах нь хамгийн чухал байна.
Эх сурвалж: Монголын үнэн Ц.Оюунтунгалаг
Сэтгэгдэл (1)