
Улс орон уутныхаа амыг доош нь харуулж гөвсөн ийм л хүнд үед МАН засагт орсон хэмээн Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат онцоллоо. Тэрбээр МАН-аас зохион байгуулдаг “Ардын индэр” иргэдтэй хийх уулзалтын үеэр мэдэгдсэн юм. Уулзалтад Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар оролцлоо. Тэд Ч.Сайханбилэгийн тэргүүлж буй шийдлийн гэх Засгийн газарт хэрхэн хамтарч ажиллаж байгаа, цаашид ямар зорилтыг тавьж ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн Ж.Мөнхбат “2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН ялагдал хүлээж, сөрөг хүчин болсон. Тиймээс Ардчилсан нам, Шударга ёс эвсэлд засгийн эрхийг шилжүүлж өгсөн. Түүнээс хойшхи энэ хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг хэрхэн өөрчлөгдсөн эсэхийг үнэн зөвөөр нь мэдээлэх нь зүйтэй гэж бодож байна. Хоёр жил хагасын өмнө Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувьтай байсан. Харин өнөөдөр 6.8 хувь болтлоо уруудлаа. Монгол Улсын өр 58.3 хувьд хүрч, төсвийн алдагдал 700 тэрбум төгрөгөөр тасалдсан. 2012 онд шинэчлэлийн Засгийн газар 2.8 тэрбум ам.долларын гадаад бонд гаргасан. Монгол Улсын нэгдсэн төсөв нэг их наяд төгрөгөөр 2 жил дараалан тасарсан. Монгол Улсад жилд дунджаар 4 тэрбум 400 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгддэг байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 826 сая буюу 5.3 дахин бага хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Мөнгөний алдаатай бодлогоос үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл 20-80 хувь нэмэгдлээ” гэсэн юм. Тиймээс энэхүү хямралыг зогсоох гэж МАН засагт орсон хэмээн онцолсон.Түүнчлэн 2014 онд шинээр бүртгэгдсэн ажилгүй иргэдийн тоо 109.7 мянгад хүрсэн нь МАН 2012 онд Засгийн газрыг хүлээлгэж өгсөн тэр цаг үеээс 78.8 хувиар огцом өссөн үзүүлэлт аж. 2012-2014 оны хооронд 54 мянга орчим аж ахуйн нэгж дампуурсан гэх судалгаа байдаг. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын статистик мэдээгээр 2014 онд 16.6 мянган иргэн 17.8 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ. Энэ тоо өмнөх оныхоос 56 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн гэдгийг Олон улсын валютын сан, Дэлхийн банк хүлээн зөвшөөрсөн билээ.
“МАН засагт хамтарсан гээд амаа үдүүлэхгүй”
Ардчилсан нам, МАН-тай хийсэн гэрээ хэлцэлээсээ ухарч байгаа талаар МАН-ын генсек мэдэгдлээ. Тодруулбал, Ардчилсан нам Монгол ардын намтай хамтарч засаг барихдаа хэд хэдэн зүйл заалтууд дээр гэрээ байгуулж санамж бичигт гарын үсэг зурсан. Тус гэрээнд “Хямралаас гарах Засгийн газрын хөтөлбөр”-ийг хамтарч боловсруулж даван туулна гэж тусгасан байна. Гэтэл Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Хямралаас гарах хөтөлбөрийг хэлэлцэх шаардлагагүй гэх шийдвэрийг гаргасан байна. Харин үүний оронд “Эзэн-100” хөтөлбөрөө үргэлжлүүлэх санал гаргажээ. Үүнийг МАН эрс эсэргүүцэж байгаа бөгөөд огцорсон Засгийн газрын хөтөлбөрийг шинэ засгийн газар хэрэгжүүлээд явна гэдэг байж боломгүй асуудал. МАН Хямралаас гарах төлөвлөгөөнд саналаа өгсөн. Тиймээс саналынхаа дагуу төлөвлөөгөө баталж ажиллах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаагаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ. Түүнчлэн “бид Шийдлийн Засгийн газарт орлоо гээд амаа үдүүлэхгүй. Тэдний хийсэн буруу үйлдлийг дэмжихгүй” гэв.
Эцэст нь тэрбээр “Хоёр нам Өрийн таазыг нэмэхгүй, Хямралыг давах хамтын төлөвлөгөөг боловсруулах гэх мэт зарчмын үндсэн дээр зөвшилцсөн. Гэтэл АН энэ зүйл заалтаасаа ухарч эхэллээ. Тиймээс Ардчилсан нам цаашид зөвшилцөл, ойлголцол, хамтын гэрээнээс ухарч эхлэх юм бол улстөрийн шийдвэр гаргана” гэдгээ мэдэгдлээ. МАН-ын хувьд байгуулсан гэрээндээ эзэн болох ёстой гэсэн зарчмын байр сууриа хатуу баримталж байгаа аж.
Сар шинийн дараа аймаг, дүүрэг, сум багт хүрч ажиллахаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ.

эх сурвалж:UNEN.MN
Сэтгэгдэл (1)