Б.Гарамгайбаатар: УИХ-аас гаргасан чиглэл, зөвлөмжийн дагуу Засгийн газар ажиллах ёстой
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2015.02.09/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Бүлгийн хуралдааны эхэнд УИХ-ын даргын мэдээллийг сонслоо. Тэрбээр Үндэсний статистикийн хорооны дарга, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд, дарга, нарийн бичгийн дарга нарыг томилох асуудлыг танилцуулсан. Мөн намрын чуулган завсарлахаас өмнө байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүд, Улсын Их Хурлын бусад шийдвэрүүдийн төсөл, Татварын тухай хуулийн талаар мэдээлэл өгсөн юм.
Хоёрдугаарт, "Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцуулсан. Энэ асуудалд гишүүд нэлээд шүүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь Улсын Их Хурлаас гаргасан тогтоол, шийдвэрүүд өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээрээ. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоол хоёр ч удаа гаргаж, Засгийн газарт үүрэг өгсөн. Харин хэрэгжилт, гүйцэтгэл нь ямар байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Энэ тогтоолыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн Оюутолгой, Тавантолгойтой холбоотой шийдвэрүүдийг УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдлээ.
Гуравдугаарт, "Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн танилцууллаа. Гацууртын ордод төрийн эзэмших хувь хэмжээг 20 хувиар тогтоох тухай яригдаж байна. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар дэд сайд Г.Тэмүүлэн танилцуулсан. Тус хуулийн тав дугаар зүйлд өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг Ардчилсан намын бүлгийн гишүүд дэмжлээ.
Дөрөвдүгээрт, "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын мэдээллийг сонслоо. Бүлгийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, Төрийн өмчийн хорооноос тодорхой мэдээллүүдийг авах шаардлагатай гэж үзлээ.
Тавдугаарт, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тухай нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн өргөдлийг авч хэлэлцээд, уг асуудал нь С.Баярцогт гишүүнийг гүтгэсэн шинжтэй, огцруулах үндэслэл байхгүй байна гэсэн шийдвэр бүлгээс гаргалаа. Гэхдээ байнгын хороо болон нэгдсэн чуулганд асуудлыг оруулаад хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно хэмээн бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдлээ.
Ш.Түвдэндорж: С.Баяртцогтыг огцруулах үндэслэл нь гүтгэлгийн шинжтэй байна гэж АН-ын бүлэг үзлээ
Ардчилсан намын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-“Эдийн засгийн хүндрэлээс гарах зарим арга хэмжээний тухай” төлөвлөгөөг шинээр гаргах шаардлагагүй гэж бүлэг үзэж байна гэсэн үг үү? Засгийн газрын хувьд ямар, ямар алхам хийх саналыг УИХ-д тавиад байгаа вэ?
Б.Гарамгайбаатар: Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төсөл нь таван заалттай, хавсралт нь арваад хуудастай. Өмнө нь Эдийн засгийг идэвхжүүлэх, эрчимжүүлэх талаар УИХ-аас гаргасан хоёр тогтоол бий. Тэдгээр тогтоолд тусгагдсан асуудлууд давхардаж орсон байгаа тул өмнө гаргасан шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэдэг асуудал яригдсан. Тавантолгой, Оюутолгойтой холбоотой асуудлууд ч ялгаагүй, өмнө нь өгсөн чиглэл зөвлөмжүүдийн дагуу шийдээд явах ёстой. Ийм боломж Засгийн газарт байна гэж үзсэний үндсэн дээр энэ асуудлыг оруулж ирсэн төслөөр нь өнөөдөр хэлэлцэх боломж харагдахгүй байна гэж үзсэн.
Ш.Түвдэндорж: Макро эдийн засгийн түвшинд оруулж ирсэн асуудлуудыг, тухайлбал, Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөх УИХ-ын тогтоолуудыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Бусад асуудлаар нэгэнт УИХ-аас тодорхой тогтоол шийдвэр гаргачихсан учир хэрэгжилтэн дээрээ анхаарах хэрэгтэй гэсэн чиглэлийг Засгийн газарт өгсөн. "Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас оруулж ирсэн нь засгаа хамтарч байгуулсантай холбоотой. Хамтрах гэрээ байгуулахдаа хоёр талаасаа ийм, ийм ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн амлалт үүрэг авсан. Үүний дагуу өөрсдийн Засгийн газарт хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ төлөвлөгөөг УИХ-аар дахин дэмжүүлэх зорилгоор оруулж ирсэн гэж ойлгож байгаа.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлтээр орж ирж байгаа төрийн эзэмшлийн тухай заалт нь тодорхой ордуудад нэр зааж үйлчлэх үү, аль эсвэл эрх зүйн орчинг урьдчилан бүрдүүлье гэдэг агуулгаар яригдаж байна уу?
Б.Гарамгайбаатар: МАН-ын бүлгийн гишүүдээс Засгийн газарт хүргүүлсэн 50 гаруй зүйлтэй жагсаалтад мөн ялгаагүй давхардал байгаа. Үүүнийг дээрх зарчмаар шийдсэн гэж ойлгох хэрэгтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 5.3, 5.5-д стратегийн ач холбогдол бүхий ордод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өөрчлөлт оруулж байгаагаа Засгийн газраас албан ёсоор тайлбарлалаа. Энэ нь 34 хувьтай холбоотой юм байна. Мөн Гацууртын ордод хувь эзэмших асуудалтай холбоотой өөрчлөлт ч байна. Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуулийг түрүүлээд баталчихвал одоо маргаан дагуулаад байгаа Гацуурттай холбоотой шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
-ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах хүсэлтийг нэр бүхий гишүүд гаргахдаа үндэслэлээ АНУ-ын “Painter law firm” хэмээх компаниас Оюутолгойн асуудал дээр зөвлөгөө авахад 17,5 тэрбум төгрөгийн төлбөрийг төсөвт суулгаж өгсөн хэмээн тайлбарлаж байсан. Гэтэл та бүхэн гүтгэлэг гэлээ, үндэслэлээ хэлж өгнө үү.
Ш.Түвдэндорж: С.Баярцогт сайд Ажлын хэсгийн ахлагч Б.Болорын хүсэлтээр гарын үсэг зурсан байгаа юм. ЗГХЭГ-ын дарга бол Их хуралтай харьцдаг албан тушаал. Огцруулах өргөдөлд С.Баярцогтыг гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн байна гэсэн байна. Гэтэл С.Баярцогт гэрээ байгуулдаг хүн биш. “Эрдэнэс-Оюутолгой” компани гэрээ байгуулсан. Мөнгөний дүнгийн тухайд 17,5 тэрбум төгрөгийг өгчихөөгүй байгаа. 400 гаруй сая төгрөг 2014 онд шилжүүлсэн байна. Үлдсэн 17 тэрбум 45 сая төгрөгийг шилжүүлээгүй. Иймд уг асуудлыг гүтгэлэг гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд үзсэн байгаа.
УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны Олон нийттэй харилцах хэсэг