Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нарс модон ойд Манж Чин улсын гүнжид зориулан босгосон сүмийн үлдэгдэл байдаг. Манжийн хааны зарлигаар ирсэн тэдгээр гүнж Монгол ноёнтой хуримлаж, тухайн ноёны үйлдэл бүрийг Манжид мэдээлж байх үүрэг хүлээдэг боловч энэ гүнж мэдээ дамжуулахгүйгээр үл барам монгол ноёныг чин сэтгэлээсээ хайрлаж дурлан Хаживдорж, Ринчэндорж, Гэжайдорж нарын 7 хөвгүүн, нэг охин төрүүлжээ. Чин улсын гүнж монгол ноёнд хатан болж ирээд хэцүү бэрх амьдралыг туулсан боловч монгол хүнийг хайрлан амьдарч нөхөртөө үнэнч байсан учир монголчуудын дунд магтагдан үлджээ. Нөхөр болох Түшээт хан Дондовдорж нь Абтай сайн ханы үр ач бөгөөд сайхан төрсөн эр хүн төдийгүй эрдэм номд боловсорсон, шүлэг яруу найрагт дуртай хүн байсан хэмээн яригддаг. Харин эхнэр болох манж гүнж нь монгол эхнэр хүний эрдэм оюун, ёс журмыг чанд даган сахиж “Өглөө эрт босож, шөнө орой унтаж, хоолны дэглэм барихаас гадна гэрийн дэг жаягийг ёсчлон хүндэтгэж байсан” хэмээн судлаачид тэмдэглэжээ. Гүнжийг Манжаас удаа дараа илгээх цэргүүдээс хамгаалж нэгэн сүм барьж нуудаг байсан нь хожим “Гүнжийн сүм” хэмээн алдаршин үлджээ. Гүнжийг 1740 онд нас барахад нь энэ сүмд бунхалсан гэдэг. Тухайн үед манж гүнж нарыг нас барахад Бээжин рүү буцаадаг ёстой байжээ.
1948-1949 онд Гүнжийн онгонд малтлага судалгаа явуулах үед аль хэдийнэ хулгайч тонуулчдын гарт өртчихсөн байжээ. Онгоны үлдэгдэл үндсэн зургаан хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээр нь чулуун дурсгал, булшийг хамгаалсан байгууламж, Богд хаалга, хэрмэн хана, онгон, булшны газар зэрэг юм. Судалгааны явцад онгоны өмнө талд, газар доор гантиг чулуун барилга байгаа нь тодорхой болж дотор нь зандан модоор хийсэн авс байгааг илрүүлжээ. Авсыг онгойлгох үед дотор нь цогцос гэхээр юу ч үлдээгүй байв. Нутгийн хөгшдийн яриагаар бол зандан модон авсан дотор алт, мөнгөөр хийсэн хүн болон таван хошуу малын дүрснүүд, сийлбэртэй эрдэнийн чулуунуудыг цогцсын хамт хийж, гадна талыг алтаар хучсан гэнэ. Судалгааны үед гүнжийн булш байсан газрын баруун талаас өөр нэг булш олсон бөгөөд тарган эрэгтэй хүн завилж суусан чигээрээ оршуулагдсан байв. Эл цогцос хөлдсөн байсан учраас саяхан нас барсан хүн шиг байсны зэрэгцээ дэргэд нь тоглоомон хэлбэрээр урласан сүх, хөрөө, алх, цүүц, хүрз зэрэг багажууд хийсэн байжээ. Гүнжийн онгоны бас нэг үлдэгдэл бол өмнө зүг рүү хүзүүгээ сунгасан боржин чулуун мэлхий байдаг. /Буян Чой/