УРЛАГИЙН БУРХАД НОЁН ОРГИЛУУД

Монголын хөгжмийн болон дууны урлаг, утга зохиол яруу найргийн НОЁН ОРГИЛ  болсон сод билэг авъяастан  эрхэм уран бүтэлчдийн өвөрмөц дахин давтагдашгүй  бүтээлүүд нь  зуунаас зуун  дамжин дуурсагдаж ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлджээ. Алтан үеийн авъяаслаг уран бүтээлчдийн ажил амьдрал, уран бүтээлийн товч намтраас уншигч танд толилуулж байна. 

Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав

1926 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумд мэндэлжээ.1932-1937 онд Сэцэн хааны Цагаан эргийн хийдэд /одоогийн Өндөрхаан хот/ шавилан сууж төвд ном, Mонгол бичиг заалгасан. 1937-1939 онд мал маллаж, 1939 онд Баянхутаг суманд  бичиг үсгийн курсэд суралцан, 1940-1941 онд Өндөрхаан хотод бичиг үсгийн багш, 1941-1942 онд туслах жолооч /Орос жолооч Максимовын туслах/, 1942-1945 онд аймгийн ажилчны клубт жүжигчин, хөгжимчин, найруулагч нот заасан багш нь Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Г.Бирваа,  1945-1949 онд Улсын хөгжимт театрт жүжигчин, дуучин зөвлөлтийн мэргэжилтэн Ф.И.Клишког дагалдсан 1949-1952 онд Улсын хөгжимт драмын театрын найрал дууны багш, 1952-1954 онд Ховд аймгийн хөгжимт  драмын театрт  найрал  дууны  багш,  уран сайхны  удирдагч,  1954-1959 онд Москва хотын Хөгжмийн  их  сургуулийн  найрал дууны  удирдаачийн  ангид  суралцахдаа Е.О.Меснерээр хөгжмийн зохиомж заалгасан юм. 1960-1963 онд Улсын хөгжимт  драмын театрт найрал дууны багш, 1963-1975 овд Улсын дуурь бүжгийн театрын уран сайхны удирдагч, 1975 оноос Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдагчаар ажиллажээ. Сүүлийн гурван жил тус чуулгын даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэсэн. 1951 онд “БНМАУ-ын Гавъяат  жүжигчин”  цол,  1963 онд “БНМАУ-ын Төрийн шагнал” "Хэрлэн" дуугаар, 1981 онд “БНМАУ-ын Ардын жүжигчин” цол тус тус хүртсэн. 1964-1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, 1995 оноос Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны даргаар тус тус сонгогдсон.1948 оноос Дагвын Лувсаншарав дуу зохиож эхэлснээс хойш тавь шахам жилийн  хугацаанд 400 гаруй дуузохиожээ. Ч.Авирмэдийн шүлгээр анхны дуу болох "Адуучин" дуугаа  зохиосон. Монгол ардын харилцаа дууны хэлбэрийг ашиглан ингэж шинэ цагийн цөөхүүл дууны уран бүтээл эхэлсэн юм. 1949 оны уран бүтээл Д.Лувсаншаравын уран бүтээлийн дөч гаруй жилийн дотор онцгой байр эзэлнэ. Тус онд "Малчны уралдаан"-аас гадна " Ширүүн борооны өмнө" гэдэг хурц хэмнэлтэй,  золбоолог дуу, "Талын бэлчээрт" гэдэг уянгын томоохон бүтээл гарсан. Энэ гурван дуу манай дууны урын санд шинэ үзэгдэл болжээ. Д.Лувсаншаравын уянгын дууны чиглэлийг Б.Явуухулангийн шүлэг "Би чамд хайртай" дуу тодорхойлж өгчээ.Түүний уран бүтээл хүүхдийн дууг ч тойроогүй билээ. 1956 онд яруу найрагч Ч.Лхагмсүрэнгийн шүлгээр хүүхдийн долоон дууг Зөвлөлтийн хөгжмийн их сургуульд суралцаж байх үедээ зохиосон. "Анхны сурагч", "Бөмбөлөг", "Галуу", "Маамуу нааш ир", "Муурын тухай дуу", "Хүүхдийн баяр", "Цэцэг" зэрэг дууг “Улсын гавьяат жүжигчин” В.Долгор дуулж радиогийн алтан санд оруулсан юм. Эдгээр дууны дотроос "Маамуу нааш ир" дуу онцгой байртай. Энэ дууны үг хэлд орсон хүүхдийн сэтгэхүйд буух, танин мэдэх анхны алхамд сонирхол татах хамгийн энгийн уран үгтэйгээс гадна аялгуу нь бага насны хүүхдийн тогтоох чадварын хэр хэмжээнд тохирсон, дахин давтан эхний хоёрмөрийг дуулаад цааш нь ижил төстэй хэмнэлээр үргэлжлүүлэн төгсгөж байгаа зохиомж нь гайхалтай мэргэн оновчтой болсон юм. Лувсаншаравын анхны дуурь "Хан бүргэд", манай дуурийн урлагтгол сэдэв болж байсан хувьсгалт баатарлаг сэдвийг сонгон авч манлай Ван Дамдинсүрэнгийн тэмцлийг тойруулан ардын хувьсгалын үзэл санааг дуулаачийн урлагийн хүрээнд гаргаж ирсэн юм. Лувсаншарав "Хан бүргэд" дуурийнхаа дараа дахиадл  хувьсгалт баатарлаг дуурь бичиж олсон амжилтаа бататгах зорилготавьсан нь "Шивээхиагт" дуурь байлаа. Д.Лувсаншарав монгол дуурийн хэв маягийг тогтоохын тулд их зүтгэсэн. Түүнийг 1985 онд бүтээсэн "Нүцгэн ноён"дуурь үүний тод илрэл болж чадна. "Нүцгэн ноён" дуурь Б.Дамдинсүрэнгийн "Далан худалч" хөгжимт драмын дараа гарч ирсэн хошин жүжиг юм. "Нүцгэн ноён” дуурьт  гол дүр гэж байхгүй, дөрвөн ноён, дөрвөн хатан, дөрвөн боолоор гол дүрүүд хийсэн. Иймээс энэ дуурьт бодрол дуу, өчил дуу гэх мэт гоцлон дуулах дуучин бараг үгүй. Ихэвчлэн хамтран  дуулж, хамтран ярилцана. Ингэж цөөхүүл дууны дуурь гарч ирсэн юм.Д.Лувсаншаравын хөгжмийн театрын  бүтээлүүд  дотроос  онцгой сонирхол татах бүгээлийн нэг нь "Сүнжидмаа" дуу, бүжиг, хөгжмийн цоморлиг зохиол мөн. Энэ бүтээл 1979 онд Улсын ардын дуу бүжгийн тайзнаа гарч үзэгч олны сонирхолыг татсан үзвэрийн нэг болов.Энэ туршлагаа үндэс болгож "Нарны домог" гэдэг ардын бүжгэн жүжгээ Д.Лувсаншарав 1987 онд туурвисан.  Анхны оролдлого болохоор алдсан нь ч бий, оносон нь ч бий. 1995 онд бүтээсэн "Бөртэ чоно" ардын бүжгэн жүжиг /цомог зохиолыг Б.Лхагвасүрэн, дэглэн найруулсан Д.Ламжав/ "Нарны домог"-тоо алдсанаа нөхөж ахиж нэг том алхам хийсэн юм.

Хөгжмийн зохиолч удирдаач Ардын жүжигчин Пүрэвжавын Хаянхярваа

Тэрээр 1935-03-01 нд Улаанбаатар хотод төрсөн. 1957-1961 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит ХИС-ийг хөгжмийн удирдаач мэргэжлээр төгссөн. 1955-1957 онд ЦДБЭЧ-д хөгжимчин, 1961-1978 онд мөн чуулгад найруулагч, уран сайхны удирдагч, 1978-1981 онд УДБЭТ-т уран сайхны удирдагчаар ажилласан. 1979 онд УГЗ, 2008 онд Ардын жүжигчин цолоор шагнагдсан. 

Мэргэжлийн урлагийн байгууллагад он удаан жил санаачилга, үр бүтээлтэй ажиллан цэрэг эх орны сэдэвт дуу, магтуу, марш, бүжиг, киноны хөгжим, эстрад  зэрэг хөгжмийн бүх төрлөөр олон зуун шилдэг бүтээл туурвиж, дэлхийн болон үндэсний хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг чадварлаг удирдан тоглуулж, монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж хөгжмийн зохиолч, удирдаач Пүрэвжавын Хаянхярваад Монгол Улсын ардын жүжигчин цол олгов.

Удирдаачаар: 1979 онд УДБЭТ-ын А.Аданы “Жизель” балетыг анх удирдан тоглуулжээ.

Хөдөлмөрийн Баатар Төрийн шагналт Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаа

Жүжигчин, дуучин, найруулагч. 1924-06-15 нд Төв аймгийн Угтаал цайдам сумын Улаан хад хэмээх газар төрсөн. 1957-1961 онд МУИС-ийн найруулагчийн ангийг А.Д.Никитиний удирдлага дор суралцаж төгссөн. Монголын дээд боловсролтой анхны найруулагчдын нэг. 1938-1940 онд Залуучуудын соёлын ордонд шанз, мандолин хөгжимчин, 1940-1944 онд Улсын циркт жааз хөгжимчин, 1944-1957 онд УТТ-т хөгжимчин, дуучин, 1961-1967 онд ҮДБЭЧ-д уран сайхны удирдагч, 1967-1983 онд соёлын яаманд мэргэжилтэн, 1989 оноос одоог “Эртний сайхан” ахмад уран бүтээлчдийн чуулгад уран сайхны удирдагчаар ажиллаж байна. 1945 онд УГЖ цол, 1951 онд Төрийн шагнал, 1997 онд Ардын жүжигчин, 2007 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

Урын сангийн бүтээлүүд:

Амарсанаа /1944 УДЭТ/. Гэрэлгуа, Миний баясгалан /1945 УДЭТ/ Дулмаа, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаа 1950. “Жаргалын зам” Халиун /1951. УДБЭТ/

Найруулагчаар:
Шог үзэгдэл /1961. УДЭТ. Ө.Рэнцэнноровтой хамтарсан/

Ардын жүжигчин Паартуугийн Зангад

Ховд аймгийн Буянт сумд 1936 онд мэндэлжээ.    Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор 1951 онд нийслэлд уригдаж тоглосон Ховд аймгийнхны тоглолтод 5 дугаар ангийн сурагч байхдаа оролцож “Арван баатар” дууг, 1954 онд Улаанбаатарт зохиосон Ховд аймгийн соёл урлагийн 10 хоногт оролцож Балдангийн хөгжим “Буянт гол” дууг дуулж өндөр үнэлэгдэж байсан энэ хүн Ховд хотод бүрэн дунд сургууль төгсөөд ЗХУ-д /хуучин нэрээр/ очиж Москвад П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд суралцаж 1961 онд төгсчээ. Тэр цагаас эхлэн Ховд аймгийн ХДТ, Улсын филармонид гоцлол дуучин, ХБДС-д багш, 1975 оноос Монголын урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, 1990 оноос даргаар ажиллаж ирлээ. Уянгын дууны нэрт мастер энэ дуучин “Хар ус нуурын шагшраа”, “Хавар ирлээ шүү хүүхнүүд ээ”, “Намрын шөнө”, “Зандан шоо”, “Гайхмаараа” зэрэг олон дуугаараа алдаршсэн байна. Өөрийн уран бүтээлийн ажлын хажуугаар эрхэлсэн алба ажлын дагуу уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, өөрийн орны дуулаачийн мэргэжлийн урлагийг олон түмэнд хүргэх талаар их зүйл хийж уран бүтээлчдийнхээ төлөө ажиллаж иржээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн  одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.1996 онд Ардын жүжигчин, 1973 онд МУГЖ цолоор тус тус шагнагдаж ард түмэндээ хагас зуун жил дуулж яваа авъяаслаг дуучин билээ.

Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт Ардын Уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж

Орчин үеийн Монголын яруу найраг, найраглалын зохиолын нэрд гарсан төлөөлөгч, МУ-ын төрийн шагналт /1981/, ардын уран зохиолч, яруу найрагч Д.Пүрэвдорж Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт малчны гэрт төржээ. Нутагтаа бага дунд сургуулийг төгсөөд 1953 оноос Улаанбаатар хотноо улсын хөгжимт драмын театрт ажиллах болсон нь урлаг уран зохиолын авъяасаа нээхэд сайхан боломж болжээ. Удалгүй Зөвлөлт холбоот улсын Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1964 оноос МЗЭ-ийн хороонд Цог сэтгүүлийн эрхлэгч, яруу найргийн зөвлөлийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байв. 1950 оноос эхлэн уран зохиол бичих болжээ.

Яруу найргийн олон ном зохиож хэвлүүлсэнээс гадна “Шивээ Хиагт”, “Нүцгэн ноён”, “Хар хорум” зэрэг дуурийн цомнол бичсэн. Түүний бичсэн олон шүлэгт нь хөгжмийн зохиолчид ая оруулж нийтийн түгээмэл дуунууд бүтээжээ. Анхлан бичсэн “Талын туяа” найраглал нь монгол уншигчдын дунд таалагдаж их дэлгэрсэн байна. Тэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон медалиар шагнагдсанаас гадна 1969 онд “Хар цас” найраглалаараа МЗЭ-ийн шагнал, 1981 онд “Хөх даалимбан тэрлэг” “Хар цас”, “Сэгс цагаан богд” найраглалаараа төрийн шагнал, 1996 онд Ардын уран зохиолч цолоор, 2009 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагджээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Уншигч (202.72.245.122)
    Ёстой үнэхээр Монголын урлагийн бурхад байна даа. Харин Д.Лувсаншарав агсаны намтрын эхний хэсгийг давтаад оруулчихсан байна, бас энэ хүн чинь Хөдөлмөрийн баатар цолтой шүү дээ. Харин Д.Пүрэвдорж гуай 1933 онд төрсөн байдаг
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • Уншигч (202.72.245.122)
    Ёстой үнэхээр Монголын урлагийн бурхад байна даа. Харин Д.Лувсаншарав агсаны намтрын эхний хэсгийг давтаад оруулчихсан байна, бас энэ хүн чинь Хөдөлмөрийн баатар цолтой шүү дээ. Харин Д.Пүрэвдорж гуай 1933 онд төрсөн байдаг
    2015 оны 02 сарын 05 | Хариулах