Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Их Британи улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кристофер Стюартыг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Кристофер Стюарт өөрийг нь хүлээн авч уулзаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Та Монгол Улсад гурван жил Элчин сайдаар ажиллаж, хоёр орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлье. Их Британи бол барууны орнуудын дотроос Монголыг хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг гэдгийг монголчууд сайн мэддэг. Монгол Улс, Их Британийн хооронд 1963 онд дипломат харилцаа тогтоож, тэр үеэс хойш хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж ирлээ” гэлээ.
Мөн уул уурхай, төмөр зам, Хөрөнгийн биржийн салбарт Их Британитай хамтран ажиллах чиглэл, төлөвлөгөө байгааг хөндөн ярив.
Хоёр орны хооронд эдийн засгийн салбарт харилцаа амжилттай хөгжиж байгааг мөн тэмдэглэж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Кристофер Стюартын цаашдын ажилд амжилт хүсч, эрүүл энхийг ерөөлөө.
Мөн энэ өдөр Ц.Элбэгдорж БНАЛАУ /Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улс/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бүнньян Сайсановангийг эх орондоо бүр мөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “АСЕМ-ийн хурал 2012 онд Лаосын нийслэлд болоход би оролцож, Лаосын Ерөнхийлөгч болон удирдагчидтай уулзсандаа баяртай байдаг. Монгол Улсад 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болох гэж байгаа. Үүнд танай орноос өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцоно гэдэгт бид итгэж байна. Бусад айлчлал, албан ёсны уулзалтуудын үеэр ярилцаж хэлэлцсэн ажлуудыг бид хэрэгжүүлнэ.
Лаосын зүгээс ХАА, үйлдвэрлэл гээд олон салбарт хамтран ажиллах үйл ажиллагааны талаар ярилцсан. Эдгээрийг цааш үргэлжлүүлэхэд би анхаарч ажиллана” гэлээ.
Сэтгэгдэл (2)