Монголын Хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдаж байгаа Засгийн Газрын Үнэт Цаасны өгөөж банкуудын хадгаламжийн хүүтэй харьцуулахад өндөр байгааг тус биржээс мэдээллээ. Тухайлбал арилжааны банкуудын гурван сарын хугацаатай хадгаламжийн хүү дунджаар 10.2-12.2 хувийн хооронд хэлбэлзэж байгаа бол ижил хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны хүү 14.7 хувьтай байна. Засгийн Газрын Үнэт Цаасны хүүд татвар ногдуулдаггүй учраас татварын зардалгүй хөрөнгө оруулалтын нэг төрөл болдог. Үүн дээр нэмээд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгаа болгох боломжтой юм. Засгийн Газрын Үнэт Цаасыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан арилжиж эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд 2014 онд 36.2 тэрбум төгрөгийн Засгийн Газрын Үнэт Цаас арилжаалсан бол он гарсаар 33.5 тэрбум төгрөгийн үнэт цаас, нийт 69.7 тэрбум орчим төгрөгийн үнэт цаасыг анхдагч зах зээлд арилжжээ. Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангарын хэлснээр " ЗГҮЦ нь аль ч улсын хувьд хөрөнгийн зах зээлийнх нь суурь бүтээгдэхүүн болдог. Тухайн эдийн засгийнхаа суурь хүүг тодорхойлж өгдөг. ЗГҮЦ-ны хүү одоохондоо арилжааны банкны хадгаламжийн хүүгээс өндөр байгаа ч цаашид буурна. Арилжааг ил тод болгож, өрсөлдөөн нэмэгдсэнээр бодит хүү тогтоно" гэж мэдэгджээ. Нэгдүгээр сарын 19-нд Засгийн Газрын Үнэт Цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн биржид нээгдсэнээр үнэт цаасны хөрвөх чадвар зах зээлд нээгдсэн байна. Сангийн яамнаас Монголын Хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдаж байгаа жижиглэнгийн Засгийн Газрын Үнэт Цаасны нэг бүрийг 100 мянган төгрөгөөр нээлттэй зах зээлд санал болгож байгаа бол Монголбанкаар арилжих Засгийн Газрын Үнэт Цаасны нэрлэсэн үнэ нэг сая төгрөгөөр тогтоогдож байгаа аж.
Ж.ЧИМЭГ
