
-Монголд спиртийн 7, архины 57, шар айрагны 19, дарсны 10 ААН үйл ажиллагаа явуулж байна-
Тамхины хуулийг чангалаад л нэг хэсэггүй шоу хийсэн. Үнэндээ тэрхүү хууль нь ёстой "Монголын хууль гурав хоног" болсон доо. Үнэнийг хэлэхэд тамхи татах асуудал бол хувь хүний л асуудал харин хаана татуулахгүй байх нь нийтийн асуудал. Тиймээс хориглож, цагдаж болно. Гэтэл хүнийг гудамж талбайд тамхи татуулахгүй гэх нь тэнэглэл эсвэл хийх ажилгүй хүмүүсийн зугаа. Шийдлийн засгийн газрын өмнөх үе болох Шинэчлэлийн засгийн газрынхан хөөрхий анх байгуулагдсаныхаа дараа ёстой "шинэхэн дээрээ сонихон" гэгчээр нэг хэсэггүй сүржигнэж, нийгмийг ёстой шинэчилнэ гэж байв. Гэтэл өнөөдөр бас тэрхүү үе үе зурагт хэвлэл мэдээлэлээр доншуучилж, шоуддаг цаг нь дуусаагүй төдийгүй хэрэндээ л нилээн дуншсан Архины тухай хуулиар үргэлжилж буй бололтой.
Монгол улсын нэг иргэнд жилд дунджаар 19 литр архи, 32 литр шар айраг ноогдож байгаа гэх тооцоо байна. Өнгөрсөн онд хийгдсэн судалгаагаар спирт 1925 литр, архи дарс 24774 литр, шар айраг 64 сая литр үйлдвэрлэсэн бол 36 сая литр архи импортолж, экспортод 154926 литр архи гаргасан үзүүлэлттэй байна. Түүнчлэн дотоодод үйлдвэрлэсэн болон импортлосон архины хэмжээг харьцуулж үзэхэд маш өндөр архины хэрэглээтэй гэсэн тоон үзүүлэлт гардаг бөгөөд энэ нь ДЭМБ-аас гаргасан зөвлөмжтэй харьцуулахад маш өндөр дүн гарч байгаа юм.
Тэгвэл архины хэрэглээг бууруулах зорилгоор УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг Архины хяналтын тухай хуулийг өргөн бариад байгаа. Хуулийн төсөлд согтууруулах ундааны хяналтыг судалгаанд суурилсан, бодитой байдлаар хэрэгжүүлэх, татварыг нэмэгдүүлэх замаар сөрөг үр дагаварыг бууруулах, бодлого тодорхойлоход ашиг, сонирхлын зөрчилтэй этгээдийн нөлөөг оруулахгүй байх зэрэг согтууруулах ундааны хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой зарчмыг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан байна. Мөн хуулийн төсөлд согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг төсөл сонгон шалгаруулах журмаар олгодог байхаар тусгаж, эрх бүхий байцаагчийн санал, дүгнэлтийг үндэслэн төрөл тус бүрээр олгож, хугацаагаар сунгаж, эсхүл хүчингүй болгохоор заажээ.
Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулгадаа, 2000 онд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг баталсан. Энэ хуулийн гол зорилт нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлтэй байсан учраас энэ асуудал Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэж байсан. Сүүлийн үед дэлхийн нийтийн чиг хандлага согтууруулах ундааны хор уршгаас бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой болж байгаа учраас энэ асуудал Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр орж ирж байгаа гэж ойлгож байгаа.
Өнөөдрийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, шар айрагны 19, дарсны 10 нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгосноор зах зээл дэх архины нийлүүлэлт, хүн амын архины хэрэглээг нэмэгдүүлэх, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундаа хэрэглэх үндэс болж буй нь халагламаар. Статистик дүнгээс үзэхэд л манай улсад гарсан нийт гэмт хэргийн гуравны нэг хувь нь хүнд, хоёрны нэг хувь нь онц хүнд хэрэг, нийслэлд гарсан гэмт хэргийн 57, 7 хувийг согтуугаар үйлдсэн байх юм. Үүнээс үзэхэд гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нөхцөл нь архидан согтуурахтай шууд холбоотой байна. Иймд согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэлийг багасгахад чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай байгааг албанынхан байнга ярианы сэдэв болгодог ч төдий л нааштай ажил хийгдсэн нь бас ховор гэчихвэл буруудахгүй биз. Тэр ч бүү хэл. Өдгөө талхны үнээ ч үл мэддэг УИХ-ын гишүүдийн зүгээс сүүлийн үед архидалт багассан гээд улаах ч үгүй хэлэх болж. Бас болоогүй. Архины хязгаарлалт хийснээр шагийн бизнес, далд худалдаа цэцэглэнэ. Иймээс архины хэрэглээг багасгах, ямар түвшинд архидалт их байгаад анхаарал хандуулах, ухамсарлуулах, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү ажиллах шаардлагатайг хэлж байсан юм. Угтаа бол учир мэдэх нэгний өгүүлж буйгаар эрхэм түшээд минь өөрсдөө эл асуудлын эсрэг талд хээв нэг ашиг хүртээд ёстой л өнөөх хор өгөөд ерөндөг өгнө гэгчийн үлгэрт тоглочихсон тууж байна. Уг нь нийгмийн сөрөг үзэгдэлтэй шууд хатуу аргаар тэмцэх бус харин хууль зөрчсөн тохиолдолд өндөр хариуцлага хүлээлгэх замаар явах нь зөв гэсэн байр суурьнаас хандах нь зөв гэх олонх байгаа юм. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, эдийн засгийн хямралтай хүнд энэ үед архины хяналт, худалдааг чангатгах нь буруу. Энэ нь нэг талаас олон мянган хүний ажлын байртай холбогдоно. Хатуу хууль гаргаснаар хууль бус худалдаа, шагийг бий болгоно. Иймээс архи худалдаалах дагнасан цэг бий болгох цаг нь арай болоогүй байна гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, олон янзын судалгаанаас үзэхэд архидалтыг багасгах хамгийн гол үр дүн бол хүний ухамсарт нөлөөлөх асуудал юм байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Иймд эртнээс хүний ухамсарт нөлөөлөхийн тулд залуу хүмүүст хандсан заалтууд их байх хэрэгтэй . Мөн дөнгөж архинд орж эхэлж байгаа хүмүүсийг эртнээс ухамсарлуулж энэ байдлаас гаргахад зориулсан үйл ажиллагаагаар дэмжих шаардлага байна.
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, хоёр хуулийн төслийн аль аль нь архины худалдаа, үйлдвэрлэл, жижиглэнгийн худалдаа, архины үйлчилгээ, хэрэглээ гээд бүх шатанд чангатгах чиглэлийн үзэл баримтлалаар орж ирсэн гэж ойлгож байгаа. Мэдээж Улсын Их Хурлын 76 гишүүн бүгдээрээ архины эсрэг, архидалтын эсрэг байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа. Гагцхүү энийг яаж хуулинд зөв оруулах асуудал хамгийн чухал асуудал. Архины эсрэг тэмцэнэ гээд архитай тэмцэх гээд байгаа хандлага буруу гэдэгтэй санал нэг байгаа. Архи худалдах тусгай зөвшөөрөл олгохдоо сонгон шалгаруулалт хийнэ, дуудлага худалдаагаар явуулна гэж байгаа нь зөв эсэхэд анхаарах хэрэгтэй. Архины хэрэглээг багасгах чиглэлийн асуудлыг эдийн засгийн хөшүүргээр зогсоох хэрэгтэй гэсэн саналтай байна. Харин шууд хориглох, хасах асуудлаар шийдэх нь үр дүнгээ өгөхгүй. Гэхдээ зарим заалтуудыг дэмжих бололцоотой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэх нэгэн ч байна. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, энэ хуулийн төслийг маш удаан ярьж ,хуулийн талаас нь тодорхой хэмжээнд зохицуулалт хийе гэж үзэж буй. Хэрэглэгчдийн холбоо, Архины эсрэг тэмцдэг Төрийн бус байгууллагууд өөрсдөө энэ хуулийг гаргахыг хүсч дэмжиж байгаа гэсэн тайлбарыг хийж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихийг гишүүдээс уриалсан юм.
Харин энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар завсарлага авах санал гаргасан. Улмаар энэ асуудлыг ажлын тав хоногийн дараа хэлэлцэхээр болж байна. Энэ хуулийн төслийн “хувь заяа” хаашаа хэрхэн эргэж, аль цагийг хэн гэгч баатар сархдад хөлчүүрхсэн монголыг цэгцлэхийг харж сууя. Тэгээд ч архи ус шиг худалдагдаж, шил архи ундаанаас хямдхан байхад түүнийг уухгүй гээд яахийн. Орой бүр архи пивоны реклам телевизээр гарч байхад тэр өсвөр үеийнхэнд нөлөөлөхгүй гээд яах вэ дээ. Эхлээд архи пиво үйлдвэрлэгчидтэйгээ, архитан согтуурах бодис сурталчилж байгаа телевизүүдтэйгээ хатуу тэмцэл явуулах хэрэгтэй. Архины хор уршгийн тухай суртал нэвтрүүлэг явж байгаад дундуур нь пивоны реклам гүйлгэж байхад яаж хүмүүс архийг жигших вэ дээ.
Ерөөсөө үр дүнд хүрэхгүй хоосон нэр зүүсэн ажил хийхээ болимоор юм. Ингэж цаг мөнгө үр худал ажил хийсэн гэж хэн хэнийгээ хуурахаа хэзээ болих вэ.
Хэдий хүртэл ийм дэмий юм хийх юм бэ. Магадгүй үүнийг хэн нэгэн улс төрч эсэргүүцчихвэл "архийг дэмжлээ" гээд түүний эсрэг хар пиар хийчихнэ. Тиймээс хэл аманд орж байснаас гээд дуугүй л алхацгаана. Өнөөдөр манай нийгэмд хүмүүс бие биедээ шаардлага тавьж чадахаа больсон. Энэ л бидний гацааж байна.
Бодит үр дүн гаргах гээд байгааа энэ ажил нь үнэндээ бодит үр дүн гарахгүй шүү дээ. Эрх баригчдын дунд архи үйлдвэрлэгчид маш олон байгаа шүү дээ. Юуны түрүүнд тэд нартайгаа тэмц. Архи үйлдвэрлээд байхад уухгүй гээд яахийн.
Ж.ЧИМЭГ
Сэтгэгдэл (5)