ИНЕГ 73.2 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод төвлөрүүлжээ

Зам, тээврийн яамны мэдээлснээр Иргэний Нисэхийн Ерөнхий Газар 2014 онд 73.2 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод төвлөрүүлсэн байна. Харин энэ онд 88.4 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод төвлөрүүлэх  төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. Энэхүү хөрөнгийн гол эх үүсвэр нь өмнөх жилүүдийн адил навигацийн орлого байх юм байна. Монгол Улсын агаарын зам нь Европоос Азийг чиглэсэн хамгийн дөт зам учраас агаараар дамжин өнгөрөх хөлгийн тоо, урсгалыг нэмэгдүүлж, үүнээс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах аж. Монгол Улс хөрш ОХУ болон БНХАУ руу гарах агаарын зургаан гарцтай бөгөөд энэхүү замыг ашиглан өдөрт 60 орны 250 агаарын хөлөг дамжин өнгөрдөг байна. ИНЕГ цаашид энэ тоог нэмэгдүүлэхээр агаарын замыг чиг шулуун болгож, агаарын хөлөг хоорондын зайг багасгаж, олон улсын нэгдсэн хэмжүүр болох футын системд шилжиж, метрийн хэрэглээнээс гарах зэрэг цогц өөрчлөлтийг энэ оны 3-7 дугаар сард хийхээр төлөвлөжээ. Монгол Улсын агаарын зам нь бүсийн иргэний тээвэрт чухал үүрэгтэй болохыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага онцолж байна.

Ж.ЧИМЭГ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.