Улаан буудайн 80 орчим хувь нь стандартын шаардлага хангаж байна

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр “Тариалан эрхлэлтийг дэмжих сан"-ийн 349.8 тонн улаан буудайн 80 орчим хувь нь гурил хийхэд цавуулгийн хэмжээ стандарт хангасан болохыг тогтоосон байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар гурилын үйлдвэрүүд 20 мянган тонн улаан буудайг импортоор худалдан авах зөвшөөрлийг олгосон шийдвэрээ хэвээр үлдээлээ. Харин гурилын хувьд 10 мянга гаруй тонныг импортлох боломжтой юм байна. Хэдийгээр гурил үйлдвэрлэгчид 100 мянган тонн улаан буудай импортлох санал гаргасан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 40 мянган тонныг импортлохыг зөвшөөрчээ. Хүнс, хөдөө аж ахуйн сайд тариалан эрхлэгчидтэй уулзах үедээ нэг тонн улаан буудайнд олгох урамшууллын асуудлыг ярилцсан бөгөөд үүний үр дүнд Засгийн газар төсөвт 25 тэрбум төгрөг тусгаж “Тариалан эрхлэлтийг дэмжих сан"-д тушаасан 349 мянган тонн улаан буудайн урамшууллыг олгохоор тогтлоо. Өөрөөр хэлбэл өмнө нь нэг тонн улаан буудайд 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог байсныг 70 мянган төгрөг болгосон байна.

Ж.ЧИМЭГ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.