Монголбанк “Орон сууцны санхүүжилтийн журам”-даа нэмэлт, өөрчлөлт оруулж хөдөө орон нутгийн иргэдийн “Амины орон сууц”-ыг найман хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой болсон тухай бид өнгөрөгч оны дугаарууддаа өмнө нь мэдээллэж байсан. Тодруулбал, өнгөрөгч онд нэмэлт оруулсан журманд орон сууцны санхүүжилтийн журамд хөдөө орон нутгийн амины орон сууц гэж аймаг, сумын батлагдсан хөгжлийн төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу аймаг, сумдад баригдаж, эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтанд орсон, дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга)-ийн шийдэл бүхий орон сууцыг хэлэх ба газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, эзэмших эрх нь 20-иос дээш жилийн хугацаатай байх шаардлагатай хэмээн журманд заасан байдаг. Тэгвэл нилээдгүй хүлээлт үүсгэсэн тус журам цаасан дээр бичигдэж, “Мянгуужингийн үлгэр” болчихов уу гэтэл үгүй бололтой. Сийрүүлбэл, энэ оноос эхлэн амины орон сууцанд ипотекийн зээл олгож магадгүй талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид өчигдөр мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар “Монголын банкны холбоо"-той хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байгаа юм. Мөн иргэдийн төлбөрийн чадварт нийцүүлж, орон сууцтай болгох хөтөлбөрийг энэ оны хоёрдугаар хагасаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа хурлын үеэр онцоллоо. Тухайлбал төв зам дагуу, тэгш талбай бүхий газартай иргэд болон аж ахуйн нэгжүүд энэхүү хөтөлбөрт багтаж амины орон сууцаа сайжруулах боломжтой гэж Нийслэлийн засаг дарга мэдээллээ. Учир нь Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийслэлийн иргэдийг амины сууцтай болгох асуудал нэн түрүүнд тусгагдсан байна. Одоогоор туршилтын байдлаар нийслэлийн зарим иргэдийн амины орон сууцанд найман хувийн зээл олгожээ. Мөн ипотекийн зээл олгох журамд орон нутагт амины орон сууцад зээл олгох нөхцөлийг оруулж өгсөн ч судалгааны ажил хийгдэж дуусаагүй талаар Монголбанкнаас мэдээллэв. Журамд зааснаар аймаг, сумдын ерөнхий төлөвлөлтийн дагуу инженерийн шугам сүлжээнд холбогдсон байх шаардлагатай юм байна. Дээрх арга хэмжээг хотын төвлөрөлтийг сааруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа аж. Одоогоор нийслэлд нийт хүн амын тал орчим хувь нь амьдарч байгаагаас 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг байна. Түүнчлэн найман хувийн хүүтэй орон сууцны зээл (ипотекийн зээл) 2013 оны зургадугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан 18617 иргэд өндөр хүүгээс найман хувь руу шилжиж, шинээр ипотекийн зээлд 25366 иргэн хамрагдаж нийт ипотекийн зээл авсан иргэдийн тоо 61 мянгад хүрсэн байна. Дундаж давхаргыг дэмжих, өрхийн хэрэглээг хуримтлал руу чиглүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийн үр дүнд ДНБ-д эзлэх моргейжийн хэмжээ 7-15 хувь хүртэл өсчээ.
Бид өмнө нь цалингаа зөвхөн хэрэглээндээ зарцуулдаг байсан бол одоо сар бүр цалингынхаа тодорхой хувийг хуримтлуулах замаар орон сууцтай болох боломж бодитоор бүрдэж олон хүн үүний үр шимийг амсаж байгаа нь сайшаалтай юм.
Ийнхүү орон нутагт амины орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжихээр болсон нь төвлөрлийг сааруулах, дэд бүтцийг өргөжүүлэх, орон нутгийн хөгжлийг нэмэгдүүлэхэд дэм болсон чухал шийдвэр боллоо гэж эдийн засагчид дүгнэж байна. Гэвч энэхүү зээлийг хэн авах вэ гэдэг нь хамгийн түрүүнд тавигдах гол зүйл нь. Юуны түрүүнд ямар орон сууцыг амины орон сууц гэх вэ гэдэг ойлголтыг зөв авах нь зүйтэй байх. Амины орон сууц нь өөрийн газартай байх ба өмчлөх гэрчилгээтэй, эс бөгөөс эзэмших эрх нь 20 жилээс дээш хугацаатай байх гэсэн шаардлага өмнөх журам дээр нэмэгдсэн. Орон сууцны ипотекийн зээлийн журамд уг зээлд дараах шалгууруудыг хангасан иргэн хамрагдах боломжтой.. Тодруулбал,Монгол улсын иргэн бөгөөд эрхзүйн чадамжтай 18 нас хүрсэн байна. Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байна. Өрхийн гишүүний аль нэг нь Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу авсан орон сууцны зээлийн үлдэгдэлгүй. Мөн өрхийн гишүүний аль нэг нь Иргэдийг жилийн 6%-ийн хүүтэй орон сууцны хөнгөлттэй зээлд хамрагдсан бол уг зээлийн үлдэгдэлгүй гэсэн шаардлагуудыг хангасан байхад Амины орон сууцны 8%-ийн зээлэнд хамрагдах хүсэлтээ уг зээлийг олгож буй аль банкинд өгч болохоор байна. Одоогоор амины орон сууцны зээлийг аль нэг арилжааны банк олгож эхлээгүй байгааг анхааруулах хэрэгтэй байх.
Амины орон сууцны зээл нь
хугацаа нь 20 жил
зээлийн хүү нь 8% +/-1хувь
Урьдчилгаа төлбөр нь 30%-иас доошгүй
Өрхийн нийт зээл нь өрхийн орлогын 45%-аас бага
Амины орон сууцны зээлийн барьцаа нь зээл авч буй амины орон сууц, ашиглагдаж байгаа 80м2-аас дээшгүй талбайтай хуучин орон сууц
Зээлийг урьдчилан төлөлт хийх боломжтой
Тогтмол хүүтэй байхаар тус тус журамлагдсан байна.
Хэрвээ та амины орон сууц авахаар бол ямар хэмжээний зээл авах нь өрхийн орлогоос чинь хамаарах бөгөөд дараах хүснэгтнээс зээлийнхээ хэмжээг харж болно.
Ж.ЧИМЭГ

Сэтгэгдэл (3)