Олон улсын хуралд оролцогсдыг хамгийн ихээр гайхшруулан шагшуулсан зүйл нь Хаадын хөндийн олдворууд, Скиф буюу Эсгийтүүдийн нийгэм соёлын төвшин ямар байсныг тодхон нотлох эдгээр олдворууд тывачуудын “Аржаан” хэмээн нэрлэсэн суурингаас олджээ. Аржаан гэдэг нь Рашаан гэх үг болохыг та анзаарсан биз. Тал дундах чулуун овоолгоос цэвэр тунгалаг ус урсан гардаг болохоор нутгийнхан түүнийг анагаах шидтэй хэмэн дээдэлж, улмаар эргэн тойронд нь суурьшсанаар Аржаан хэмээх нэгэн тосгон бий болсон гэдэг. Дараа нь сангийн аж ахуйн төв болж, хамаг чулууг нь байшин барилгад хэрэглэхээр нураан зөөх үед ер бусын олдвор анх илэрчээ. 1970-аад оны эхэн үеэр ажилласан баг нийтийн тооллоос өмнөх IX-VII зуунд Төв Азид нүүдэлчдийн хүчирхэг соёл оршин байсны баталгааг олжээ. Гэхдээ тэдний ухсан бунхнууд аль нэгэн цаг үед сүрхий тоногдсон байсан болохоор бүрэн бүтэн түүхэн дурсгал ховор олджээ. Харин энэ зууны эхээр Орос-Германы хамтарсан баг жинхэнэ гайхамшигтай нүүр тулжээ. 2001 онд тэд эрэгтэй эмэгтэй хоёр хүний оршуулга олсон нь чухамдаа цул алтан хувцастай байсан гэж хэлж болно. Хүзүүнийх нь алтан зүүлт гэхэд л хийцний уран, орсон алтны жингээрээ урьд өмнө нь олдож байсан бүх олдворыг ардаа орхив. Малгайг нь тойруулан хөлөө эвхэн хэвтээ дөрвөн морь, орой дээр нь сүрлэг сайхан буга алтаар урлажээ. Хааны хувцсыг нэгэн зүйл араатны цутгамал дүрсээр чимэглэсэн бөгөөд энэхүү чимгийн нийт тоо нь 2500 гаруй. Өмдийг нь нэг милиметрээс ч бага хэмжээтэй бичил алтан цагарагууд хэлхэн урласан нь тансаг чамин торго мэт харагдана. Хутга, сэлэм, сумны зэвийг хүртэл алтаар чимэглэжээ. Хулгайч тонуулчийн гарт өртөөгүй байгууламжаас гарсан эдгээр нандин олдвор өнөөдөр Тывагийн үндэсний музейн хамгийн нандин үзмэрүүдийн нэг болоод байна.
СГЗ Б.Галааридын “Ижий мөрний урсгал эртний түүх хүүрнэнэ” / 2011.07.20 / нийтлэлээс
Алтан тоноглолтой суран бүс.

Энэ бол хааны хүзүүний зүүлт.Ямар ч ам байхгүй битүү. Насанд хүрсэн хүний хүзүүнд яг таарч байгааг бодоход ирээдүйн хааныг хүүхэд байхад нь толгойд нь угласан байх магадлалтай гэж үздэг
Энэ бол мэдээж хатных нь зүүсгэл чимэг.
Малгайны чимэг алтан морьдын ур хийц нь гайхмаар.
Энэ бол урд хормой руу бүснээс доош унжуулсан алтан чимэглэл
Ойртуулж харвал гайхамшигтай сайхан ур хийц анзаарагдана.
Хааны хутга нь гэхэд л ийм чамин хийцтэй, алтан тоноглолтой байжээ.