Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны ноён Чахундоржийн ач хүү Дондовдоржид 1697 онд Манжийн хаан Энх-Амгалан өөрийн охиноо гэргий болгон өгч ураг барилдсанаар Дархан чин ван, гүнж хоёр олон жил ханилсан түүхтэй гэх энэхүү газар нь Эрдэнэ сумын төвөөс хойш 110 орчим км газарт, Хэнтийн нурууны салбар уул, Баян уулын өвөр хормой дахь “Хөх чулууны гол”-ын эхэнд өндөр уулын хөвч модон дунд байна.
Хэдийгээр Монгол ноёны эхнэр болсон ч Манжийн хааны зараалаар Ар Монголын тагнуул хийх үүрэг даалгавартай байсан "Хичээнгүй амарлингуй" хэмээх Манж гүнж насан эцэс болтлоо эр нөхөр болоод Монгол орны төлөө чин үнэнчээр амьдарч ирсэн бөгөөд түүнийг нас эцэслэхэд эр нөхөр Дондувдорж ихэд гашуудан, гүнжид зориулсан шарилын сүмийг 1740 онд бариулжээ. Тэгээд 13 отгийг өөр өөр хошуунаас нүүлгэн авч ирж уг сүмийг сахиулснаар "Сүмчийнхэн" гэх овгийнхон бий болж гүнжийн шарилыг жил бүр тахиж байжээ. 1949 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийнхэн уг сүмд малталт хийж цагаан зандан авс, чулуун хайрцаг зэргийг олж авчээ. Энэ сүмийн барилга 18-р зууны Монголын уран барилгын дурсгал ажээ.
