Шатахуун, хувь хүний орлогын албан татварыг нэмэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол болон дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр -Автобензин, дизель түлшний онцгой албан татварын орлогыг 228 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг 78.7 хувийн саналаар дэмжлээ.

Санал гаргасан: УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Ганбаатар, Д.Дэмбэрэл, М.Сономпил, Б.Чойжилсүрэн, Я.Санмятав, Л.Эрдэнэчимэг

-Цалин нэмэгдэхтэй холбогдуулан хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.290.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэхийг 83.3 хувийн саналаар дэмжлээ.

-УИХ-ын даргын гадаад тусламжийн орлогод 350 сая төгрөг нэмж суулгах саналыг хуралдаанд оролцсон 48 гишүүний олонхи нь дэмжлээ.Энэ нь Швейцараас олгож байгаа тусламж нэмэгдэж байгааг тусгасан. Баланст ямар нэг өөрчлөлт ороогүй болохыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэллээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэмжигдсэн санал төсвийн байнгын хороонд орж хэлэлцэгдээгүй учир байнгын хороо хоёр дахь хэлэлцүүлгээ үргэлжлүүлэн хийхээр боллоо. Ингээд УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааныг түр завсарлууллаа.

Төрийн ордны А танхимд Төсвийн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдана. Үүний дараагаар чуулганы хуралдаан хуралдах юм.

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.