Хүүхдүүд 1-3 төрлийн хүнд металын хордлоготой байна

Нийслэлийн хүүхдүүд 1-3 төрлийн хүнд металлын хордлоготой байгаа тухай “Тод эйч” эмнэлгийн менежер С.Буяндэлгэр ярьжээ. Хүүхдийн өсөлтийн эмгэг, өвчлөлийг эмийн бус аргаар эмчилдэг тус эмнэлэг ажилчдынхаа болон нийслэл дэх найз нөхөд, танилуудынхаа хүүхдүүдэд өсөлтийн цогц оношилгоо хийсэн байна. Цогц оношилгоонд ясны нас тодорхойлох, толгой, сээр нурууны бүтэн рентген зураг, биеийн ерөнхий бүтцийн оношилгоо, үсний эдийн шинжилгээ, гадаад нөлөөллийн шинжилгээ, спорт оношилгоо зэрэг багтдаг бөгөөд шинжилгээний дүнд хүүхэд тус бүр 1-3 төрлийн хүнд металлын хордлоготой болох нь тогтоогджээ. 

Хүнд металлд уран, мөнгөн ус, хөнгөн цагаан, хар тугалга зэргийг нэрлэж болох бөгөөд ийм хордлоготой хүүхдүүдийн өсөлт муу, шалтгаангүй олон өвддөг, хоолонд дургүй, жин бага, гар хөлийн үзүүр сайн дулаацдаггүй, харшламтгай, амархан ядардаг зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Тухайн хүнд илэрч буй шинж тэмдгээс шалтгаалаад ямар хүнд металлд хордсон нь тодорхойлогддог бөгөөд хордлого тайлах, биеийн эрдэс бодисын хэмжээг тэнцвэржүүлэх эмийн бус эмчилгээ үр дүнтэй байдаг ажээ. 

Үсний эдийн шинжилгээг хүн эрүүл байх үедээ ч өгч болох бөгөөд цус, шээсний шинжилгээтэй харьцуулахад харьцангуй удаан хугацаанд тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлдог юм байна. Хүнд металлын хордлого чухам ямар шалтгаанаар үүсэж байгаа нь олон янз аж. Тухайлбал, мөнгөн устай халуун хэмжигч хагалах, сургууль цэцэрлэгийн засварт хятад будаг хэрэглэх /улаан, ногоон, шар өнгийн хятад будагт хар тугалга хамгийн их байдаг/, түүхий нүүрсэнд цайр, мөнгө, хөнгөн цагаан хамгийн ихээр агуулагддаг зэрэг нь хүнд металлын хордлогын шалтгаан болдог юм байна.

Б.Саруул

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.