“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн Монголын орчин цагийн уран зохиолын шилмэл өгүүллэг, туужийг эмхтгэж “Монголын өгүүллэг, туужийн дээж” зургаан боть номыг хэвлэн уншигчдын хүртээл болгожээ.
Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржоос эхлээд уран бүтээлээ ид туурвиж буй өнөө цагийн нэртэй зохиолчдын шилмэл өгүүллэг, туужсын дээжийг багтаасан эдгээр ботийн эмхтгэгчээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Л.Дашням нар ажилласан байна.
Эдгээр ботид орсон зохиолуудыг сонгохдоо хэвлэлийн газрын зүгээс дээр нэр дурдсан эмхтгэгчдээс гадна утга зохиолын нэртэй мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдын саналыг авч, тодорхой хэмжээгээр тусгасан гэнэ. Ингэхдээ нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог бүтээлүүдээс гадна уран зохиолын үе тус бүрийн өвөрмөц онцлог, хөгжлийг харуулж, төлөөлж чадахуйц шилдэг бүтээлүүдийг бүрэн хамруулахыг эрмэлзсэн нь урд өмнө нь энэ талаар хийгдэж, хэвлэгдэж байсан адил төстэй ажлуудаас ялгаатай ажээ.
Эдгээр ботийн өөр нэг онцлог бол зохиолчдын ховор сонин, тэр бүр олон нийтэд хүрч байгаагүй түүхэн зургуудыг хавсаргасан явдал юм. Энэ мэт олон онцлогтой “Монголын өгүүллэг туужийн дээж” зургаан боть нь уншигчдад Монголын орчин үеийн уран зохиолын түүхнээ бичигдсэн гол гол өгүүллэг, тууж хийгээд тэдгээрийг туурвисан эрхэм зохиолчидтой танилцах боломжийг олгож байна.
Б.Судар-Эрхи