Хуулиар зөвшөөрөгдөөгүй хотуудтай болно

Өчигдөр Налайх дүүрэгт, өнөөдөр Багануур дүүрэгт оршин суугчдаас бүх нийтийн санал асуулга явуулж хотын статустай болох эсэхийг шийдэх гэж байгаа билээ. 1990 ээд оноос өмнө Багануур дүүрэг хотын статустай Багануур хот залуусын хот, уурхайн хот хэмээгдэн цэцэглэн хөгжиж байсан түүхтэй. Налайх ч мөн ялгаагүй. Налайхын их уурхай нийслэлийн дулаан, цахилгааныг хангах тал дээр хамгийн чухал үүрэгтэй нийслэлийн дагуул хот статустай явсан билээ. Одоогоор дүүрэг хэмээн засаг захиргааны нэгжид бүртгэлтэй яваа Багануур, Налайх дүүргийн иргэд, оршин суугчдын 50-аас дээш хувь нь зөвшөөрвөл асуудлыг НИТХ-д өргөн барьж цаашдын арга хэмжээг авах юм. Багануур дүүрэгт хот байгуулсанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу нүүрсний уурхай, эрчим хүч,нүүрс боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60000 орчим хүн амтай хот болон хөгжинө. Харин Налайхын өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох тооцоо, төлөвлөгөөтэй гэнэ.

Дагуул хот байгуулах, аймгийн төвүүдийг хот болгох асуудал УИХ, Засгийн газрын төвшинд нэлээд яригдсан ч шийдлээ олоогүй өдийг хүрсэн. Гол асуудал нь Үндсэн хууль болон холбогдох хуулийн зөрчлүүд.

Үндсэн хуулийн 57-р зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэ заалтаас үзэхэд Монгол Улс Улаанбаатар гэх нийслэлтэй. Харин хот гэх ойлголт үгүй.

Урьд цагт байсан Дархан, Эрдэнэт гээд өнөөх том хотууд өнөөдөр аймаг болчихсон. Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж Монгол Улс хотуудтай болох нь.

Үндсэн хуульд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. Үүний дагуу 1993 онд “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийг баталсан байдаг. Уг хуулийн зарим заалтууд өдгөө хүртэл хэрэгжсэнгүй. Тухайлбал, хуулийн амин сүнс болох “Хот, тосгоны удирдлага нь захирагч, зөвлөлөөс бүрдэнэ. Хот тосгоны захирагчийг хотын оршин суугчид сонгоно” гэсэн заалт бий. Гэтэл энэхүү заалтыг илт үгүйсгэсэн “Аймаг, сум, багийн төв болох хот, тосгоны удирдлагын бүрэн эрхийг тухайн хот, тосгон оршин байгаа засаг захиргааны нэгжийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэсэн заалт уг хуульд тусгагдсан. Энэ бол хот өөрийн гэсэн удирдлагын тогтолцоотой байх боломжийг шууд үгүйсгэсэн хэрэг байв. Өнөөдөр аль ч аймаг, сумын Засаг даргаас ангид хот, тосгоны захирагч байхгүй байгаа нь хуулийн ач холбогдлыг бууруулж байгаагийн нотолгоо юм. Засгийн газрын 1994 оны128 дугаар тогтоолоор Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь тухайн аймгийн төв-хотын захирагч байхаар, бусад аймгийн төв-хотуудын хувьд түүний оршин байгаа сумын Засаг дарга нь хотын захирагч байхаар тогтоосон.

Энэ мэт гажуудлыг засаагүй цагт хотын статусыг хуулийн дагуу шийдэхэд бэрх. Энэ удаад ч Налайх, Багануурын иргэд хот болгохыг дэмжлээ гэхэд хуулийн өөрчлөлтгүйгээр хотын статус авч чадахгүй болов уу. 

жич: Налайх дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга өчигдөр 07.00-21.00 цагийн хооронд 7 хэсгийн хороон дээр боллоо. Тус дүүрэг 34.575 иргэнтэй бөгөөд санал өгөх нэрсийн жагсаалтад 19.535 иргэн бичигдсэн байна. Үүнээс санал асуулгад 62,3 хувь нь буюу 12180 иргэн санал өгснөөс 96,1 хувь нь буюу 11708 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжжээ. Харин 3,1 хувь буюу 374 иргэн “Үгүй” гэсэн санал өгсөн бол 0,8 хувь буюу 98 иргэний санал буруу дугуйлагдсан тул хүчингүйд тооцжээ.Ингэснээр Налайх дүүргийн иргэдийн олонхийн саналаар тус дүүрэгт хот байгуулах асуудлыг дэмжсэнд тооцож дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн барихаар боллоо. Хууль эрх зүйн хүрээнд дүүрэгт хот байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ хэлэлцсэний дараа УИХ, Засгийн газарт хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байгаа юм.

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.