Монгол улс 3 сая дахь иргэнээ өлгийдөн авахад тун цөөхөн хоног үлдээд байгаа харин нийслэлийн хүн ам сая хол давсан. Хөдөө орон нутгаас хот бараадан шилжин ирэгсдийн тоо өсч байгаа энэ үед хүн амын тоогоо өсгөж хөгжил өөд хамтдаа хэмээн сонгуулиар нэг шуугиж шинээр мэндэлсэн хүүхдэд зуун мянга, сар бүр хорин мянга өгнө хэмээн төрийн өндөрлөгт заларсан мөнгө амлаж гарахаас бодит хүнд хэрэгтэй зүйл хийх хэрэгтэйг нийслэлийн төрөх эмнэлгээс эхлээд маш ачаалалтай ор нь хүрэлцэхгүй жирэмсэн эхчүүд төрөх хугацаа нь аль хэдийнээ болсон өвдөж шаналсан зовиурласан хөөрхий эмэгтэйчүүд эмнэлгийн коридороор ор тавин нэг орон дээр хоёроороо ч хэвтэж байна. Энэ бүхэн бодит байдал дээр ядаж л нэг том төрөх эмнэлэг байх шаардлагатайг харуулж байна. Жилд гэхэд 6000 гаруй эх амаржиж байна. Үүнийг өнгөрсөн жилээс ухаарсан боловч биелэлээ олохгүй алдаатай зүйл хийж төсөв мөнгөөр тоглосоор яг жилийн өмнө удаан ярилцаж, хүлээлгэж, бараг шинэ төрийн ордонд дарагдах гэж байсан дөрөвдүгээр төрөхийн шавыг тавьж байсан билээ. Нийт 19 тэрбумын хөрөнгөөр барьж байгаа энэхүү эмнэлгийн бараа сураг өнөөдөр алга. Уг нь төлөвлөгөөндөө энэ сард ашиглалтад орохоор байжээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар дөрөвдүгээр төрөхийн барилгийн зураг, төслийг буруу хийсэн аж. Сүүлдээ 65 хувьтай баригдаж байгаад гацчихсан төрөх эмнэлгийнхээ барилгын ажлыг үргэлжлүүлэх тухай биш, төрийн өмчит байгууллагуудынхаа байр луу өнгөлзөж, боломжтойг нь суллан эмнэлгийн зориулалттай болгон өөрчлөх талаар ярьж эхэлсэн ч эцэстээ дуудлага худалдаагаар худалдах болсон. Талаас илүү хувийн гүйцэтгэлтэй, эмнэлгийн зориулалттай барилгын ажлыг дуусгахаас, стандарт бусаар баригдсан барилгыг эмнэлгийн зориулалттай болгох нь ямар гаргалгаагаар хялбар санагдсаныг гайхаад баршгүй.
Э.Энхмаа