Утаагүй буюу бүрэн шаталт зуухны үзэсгэлэн энэ сарыг дуустал Дүнжингарав худалдааны төвийн талбайд үргэлжилнэ. Тус төвд ирж байгаа иргэдийн дийлэнх нь шинээр утаагүй зуух авах хүсэлтээ илэрхийлжээ. Гэвч дахин зуух авах бүртгэл хийхгүй юм байна. Учир нь утаагүй зуухны төсөл эхэлснээс хойш 4 удаа иргэдээс захиалга авч, бүртгэл хийжээ. Хамгийн сүүлд л гэхэд оны өмнөхөн 15 мянган хүнийг бүртгэсэн байна. Иймээс энэ удаад зуухны бүртгэлээс хоцорсон иргэд ямар ч аргагүй гэдгийг Улаанбаатар цэвэр агаар төслөөс мэдэгдлээ.
Улаанбаатар цэвэр агаар төслөөс энэ удаад 15 мянга гаруй зуухыг иргэдэд борлуулах нормтой юм. 4 удаагийн бүртгэлээр 8600 зуухыг борлуулахаар гэрээ хийгээд байна. Гэхдээ эдгээр 8600 өрхийн 10 гаруй хувь нь гэртээ зуухаа суурилуулаагүй гэж байна. Учир нь зарим өрх зуухаа авахаар дуудлага өгсөн ч гэртээ байдаггүй асуудал үүсчээ. Тиймээс цаг хугацаандаа бүртгүүлсэн ч зуухаа авч амжаагүй иргэд өөрт ойр байрлах зуух борлуулах цэг дээр даруй очих хэрэгтэй. Ингэхдээ өөрийн болон гэр бүлийн хүний цахим үнэмлэхтэй ирэх шаардлагатай гэдгийг санууллаа.
Нэг үеэ бодвол утаагүй зуухыг иргэд ашиглаад сурсан хэмээн төслийн инженер хэлсэн юм. Гол нь гаргаж байгаа нийтлэг зөрчил нь зуухаа дамлан борлуулах явдал буураагүйг онцоллоо. Тиймээс өөрийн нэр дээр авсан зуухаа дамласан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авна гэдгийг ч сануулсан юм.
Одоогор Дүнжингарав худалдааны төвийн талбайд байрлах үзэсгэлэнд 8 төрлийн утаагүй зуухыг борлуулж байна. Эндээс иргэд утаагүй зуухыг 2 дахин хямдралтай үнээр авахаас гадна бүх төрлийн мэдээлэл зааварчилгааг авч үйлчлүүлж байгаа юм.
Д.Сүхээ