Вьетнам улсын Хо Ши Мин хотноо талбайн теннисний өсвөрийн 14 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах II бүсийн тэмцээнд манай тамирчид оролцож байна.
Энэ сарын 19-29-нд болж байгаа тус тэмцээнд Монгол Улсаас “Гурван тамир” сургуулийн багш М.Баярхүү дасгалжуулагчтай, Б.Мишээл, Б.Билэгт, П.Энхжавхлан, Д.Хэрлэн, Ч.Нандинцэцэг, Э.Ариун-Эрдэнэ нарын тамирчид ур чадвараа сорьж байгаа юм. Тэмцээн ганцаарчилсан болон хосын төрлөөр явагдаж шилдгүүдээ тодруулна.
Дашрамд сонирхуулахад, БНХАУ-ын Хөх хотноо энэ сарын 15-17-нд талбайн теннисний хүүхдийн олон улсын тэмцээний гурван насны ангилалд манай улсаас 13 тамирчин оролцжээ. Тус тэмцээний 10 хүртэлх насны ангилалд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч Ч.Маралгоо алтан медаль хүртсэн бол Н.Эрдэнэтуяа хүрэл, Б.Төрхүү, Д.Мэндбаяр нар IV байрт шалгарсан байна.
