Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ив Делунэ, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү Такэнори нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Ц.Цолмон сайд батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаатай орнуудын Элчин сайд нартай уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, хамтын ажиллагааны асуудал болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэн, харилцан ярилцаж, санал солилцсон юм. Ингэхдээ Элчин Сайд Ив Делунэтэй хийсэн уулзалтын эхэнд Франц Улсад болсон террорист үйл ажиллагаатай холбогдуулан эрдэнэт хүний амь нас эрсдсэн явдалд гүн эмгэнэл илэрхийлснээс гадна энэ онд тохиож буй Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд батлан хамгаалах хамтын ажиллагааны чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар харилцан ярилцсан.
Түүнчлэн Элчин сайд Шимизү Такэноритай уулзахдаа хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр суурь эзэлдгийг дурьдаад, одоогийн хүрсэн хамтын ажиллагааны түвшинг улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцсон. Япон Улстай 2012 онд хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын “Харилцан ойлголцох санамж бичиг”-т гарын үсэг зурснаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, эрчимтэй хөгжиж байгаа юм. Тодруулбал, бүх түвшинд харилцан айлчлал хийх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн боловсон хүчний сургалт, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллах болсон юм.
Д.Бат