Монголын жюү-жицү бөхийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7, 8-нд Спортын төв ордонд болно. Тэмцээн “Мастер” ангилал (1979 оноос өмнө төрсөн тамирчин)-ын цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, насанд хүрэгчдийн (1980-1997 онд төрсөн тамирчин) эрэгтэйчүүдийн цагаан, хөх, ягаан, бор, хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, эмэгтэйчүүдийн цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 55, 65, -75, +75, үнэмлэхүй жинд болох юм. Мөн энэ үеэр өсвөр үеийн хөвгүүд, охидын аваргууд ч тодорно.
Энэ жилийн УАШТ-ий шагналын сан болох 88 мянган ам.долларыг АНЭУ-ын жюү-жицү бөхийн холбооноос гаргахаар болжээ. Тус холбоо нь Монголоос гадна БНХАУ, БНСУ, Япон, Гуам гэсэн дөрвөн орны УАШТ-ий шагналын мөнгийг дааж байгаа юм байна. Улмаар ирэх дөрөвдүгээр сард дээрх таван орны аваргыг Эмиратад болох өндөр шагналын сантай олон улсын тэмцээнд оролцуулахаар болжээ. Дашрамд дуулгахад, Индонезийн Жакарта хотноо 2018 онд болох Азийн зуны спортын XVIII наадмын хөтөлбөрт жиү-жицү бөхийн төрөл багтсаныг нөлөө бүхий албан тушаалтан өөрийн фэйсбүүх хуудаснаа зарласан байна. Тэрбээр “Арабчуудын хичээл зүтгэлийн ачаар жиү-жицүг 2018 оны наадмын хөтөлбөрт оруулах боллоо. Энэ бол олимпийн зүгт хийсэн эхний алхам юм, найзуудаа” хэмээсэн байна. Олон улсын жиү-жицү бөхийн холбоо(JJIF)-ноос тус спортыг олимпийн төрөл болгох зорилт тавин ажилласны үр дүн эхнээсээ гарч манай гаригийн хамгийн олон хүн амтай Азийн “олимп”-ийн хөтөлбөрт ийнхүү багтлаа.
Б.Саруул