Спортын төв ордон ашиглалтад ороод хагас зуун жилийн нүүр үзсэн. Анх 1958 онд үүдээ нээснээс хойш энэ барилгад бүрэн хэмжээний засвар хийгээгүй юм. Тэр утгаараа мэргэжлийн хяналтынхан хоёр удаа ч муу дүн тавьж, ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Үүний дараа нэг хэсэг шинэ ордны сураг сонсогдсон ч удалгүй намжсан. Харин энэ ажил одоо л жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлэх нь. Тодруулбал, Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд Т.Болдбаатар Спортын төв ордны үйл ажиллагаатай танилцсаны дараа шинэ ордныг барих асуудалд анхаарлаа хандуулахаар болжээ. Энэ дагуу Хятадын төрийн өмчит “Шанхай констракшн” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоёр тал Спортын шинэ ордны барилгын ажлыг эхлүүлэх тал дээр яаравчлуулах утга бүхий аж. Уг бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэхэд дээрх хоёр байгууллага Монгол, Хятадын Засгийн газрын хооронд гол гүүр нь болох юм байна. “Шанхай констракшн”-ы хувьд өмнө нь “Буянт-Ухаа” спортын ордонг барьж өгсөн билээ. Шинээр барих ордон нь 500 автомашины зогсоол, 50 метрийн стандарт усан бассейн, 2500 хүний суудалтай спорт, урлагийн төв заал, 1000 хүний суудал бүхий туслах заал, Үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчид бэлтгэл хийх зориулалтын 30 гаруй заал, тамирчдад үйлчилгээ үзүүлэх спортын эмнэлэг, бэлтгэл дасгалжуулалтад хяналт тавих лаборатори, спортын сургууль, албан тасалгаа, зочид буудал бүхий цогцолбор байхаар төлөвлөжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Олимп 2040” санаачилга, “Универсиад 2033” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү ордон чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн холбогдох албаныхан мэдээллээ.
Б.Саруул