УИХ-ын гишүүн М.Зоригт дөрөвхөн зүйл бүхий нэгэн хуулийн төсөл санаачилжээ.
Тэр нь Интернэтийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл. Уг хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг интернэтийн орчинд баталгаажуулыг зорьжээ.
Интернэтийн эрх чөлөөг хангахын тулд “Интернэтийн эрх чөлөө, нээлттэй чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэж уг хуулийн төсөлд заажээ.
Мөн төрөөс интернэтийн агуулгад хяналт тавих байгууллага байгуулахгүй, ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй, интернэтийн агуулгад хяналт тогтоохгүй байхаар хуульчлах гэнэ.
Хэрвээ интернэт хэрэглэгчдийн дунд маргаан гарвал зөвхөн иргэний шүүхээр хэлэлцэж, гэм буруутайг тогтоох нь зөв гэж уг хуулийн төсөлд тусгасан байна.
Интернэтийн эрх чөлөөг хүний үндсэн эрхийн нэг хэмээн НҮБ 2012 онд зарлажээ.
Тиймээс Монгол Улс ч хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд хүний үндсэн эрхийг хангах талаар алхам хийх шаардлагатай юм байна.
Хуулийн агуулгаар интернэтийн холбогдолтой нэр томьёог ч томьёолжээ.
Тухайлбал,
-Интернэт гэж дэлхий даяар тархсан хэдэн тэрбум компьютерийн сүлжээнүүдийг хооронд нь холбосон глобал тогтолцоог хэлнэ.
-Онлайн эрх чөлөө гэж хүний үндсэн эрх, эрх чөлөө, ялангуяа хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхийг интернэтийн орчинд хангах тухай юм.
-Интернэт дэх хяналт цензур гэж интернэтээр ямар сайт руу орох, интернэтэд юу хэвлэж гаргах, юу үзэхийг хянах буюу хориглох ажиллагаа юм.
-Цахим орчин гэж интернэт орчин буюу комьпютерийн сүлжээгээр дамжин хүмүүс хоорондоо харилцах хийсвэр орчныг хэлнэ.
-Шүгэл үлээгч гэж аливаа байгууллагын доторхи буруу үйлдэл, шударга бус байдал, эсвэл хууль бус үйл ажиллагааг илрүүлэн, нийтэд ил болгож буй хүнийг хэлнэ гэхчилэн нэр томьёоны тодорхойлолтыг хийжээ.
Үнэхээр интернэт орчны асуудал, энд бий болж буй хязгааргүй эрх чөлөө эерэг, сөрөг аль алинаар нийгэмд тусч, хүмүүсийн амьдралд ч нөлөөлж байгаа билээ.
Эерэг гэхээсээ сөрөг хандлагаас сэргийлэхийн тулд зарим улс орны Засгийн газар интернэт орчныг хянах, цагдах алхмуудыг хийж, тэр нь эргээд асуудал болсоор байгаа нь ч цөөнгүй.
Тэгвэл ерөөсөө хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж болохгүй гэдэг агуулгаар Интернэтийн эрх чөлөөний хуулийг УИХ-ын гишүүн М.Зоригт санаачилжээ.
Энэ хуулийн төслийг агуулгаас мөн нэг асуулт урган гарна. Монгол Улс интернэт орчинд хяналт тавих ямар нэг оролдлого хийж байсан уу.
Мэдээж хийж байсан. Хянах, зохицуулах оролдлогууд ч гарсаар байна.
Тухайлбал, харилцааны холбооны зохицуулах газраас мэдээллийн вэб сайтуудад шалгуур тавихаар хийж буй оролдлогыг хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө тэмцэгч байгууллагууд эсэргүүцсээр байгаа.
Тиймээс Интернэтийн эрх чөлөөний тухай хуулийг батлан гаргах нь зөв зүйтэй санагдана.
Д.Сүхээ