МАН, АН хоёрт архаг хорт хавдарын шинжтэй тэвчиж болшгүй нэг өвчин байдаг...

Манай хоёр том нам АН, МАН хоёрт архаг, хорт хавдрын шинжтэй, тэвчиж болшгүй нэгэн өвчин байдаг. Энэ бол эх түүхээ хувьчилж аваад талцан улс төржүүлдэг явдал юм. 1921, 1945, 1961 он бол МАН-ын он. 1911, 1990 он бол АН-ын он. Социализмын он жилүүдийг МАН магтаж, харин АН хараан зүхнэ. Ардчиллын он жилүүдийг АН магтаж, харин МАН хараан зүхнэ. АН-ынхан МАН-ыгаа газрын хөрснөөс арчина гэнэ. Газрын хөрснөөс нь арчихын тулд юуны өмнө түүхэн замналыг нь үгүйсгэж, харлуулах, түүхэн зүтгэлтнүүдийг үгүйсгэн, долоон уулын цаагаар далд ортол хараагаад, оронд нь өөрсдийн цаг үеийн түүхэн зүтгэлтэнг товойлгон тодруулах. Энд ямар ч эрүүл ухаан, эрдэм мэдлэгийн үнэр байхгүй хий хоосон хийрхэл л байна. Тэгээд энэ хийрхэл нь яг л хорт хавдар шиг ард түмний оюун тархийг хордуулан нэн хурднаар түгэн тархана, ийм хороор хордсон ард түмэн хоёр талцан хараалцана. Ард түмэн талцаад зогсохгүй хаашаа ч зайлах, зугтах аргагүй мөнхийн хөршүүдтэйгээ толхилцож, эх орноо ганцаардуулж, тамирдуулж, буланд шахуулах ужиг хэрэг ундарна. Хорт хавтар яг мөн байгаа биз.

Нөгөө “муур хар байна уу, цагаан байна уу гэдэг нь чухал биш. Хулганаа л барьдаг байх нь чухал” гэдэг шиг хоёр хөрш маань ардчилсан байна уу, коммунист байна уу, дарангуйлагчтай байна уу, тэр бидний хэрэг биш, тэдний дотоод асуудал, харин бид мөнхийн хөршийнхөө хувьд тэдэнтэй найрсаг харилцаж, тэднийг хүлээн зөвшөөрч, үүнийхээ үндсэн дээр өөртөө ашигтай нөхцлийг бий болгох л явдал. Түүнээс биш Америкийн үгэнд орж, хоёр хөршдөө ардчилал зааж сургах гэж дөвчигнөх хэрэггүй юм. Өөрсдөө тэр ардчиллаа нядааж орхисноо ч мэдэхгүй. Тэгэх аваас Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэр болно. Ер нь ч хөлөө хөлдөөгөөд л байгаа л даа.

НИЙТЛЭЛЧ. Б.Номинчимэд

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • hgxnbyb (103.26.195.162)
    Маш сайн байна. Судлаач, шилдэг нийтлэлчийн хувьд илүү том, ултай суурьтай бичээрэй. Хялбар хандаж болохгүй. Энэ сэдвээр маш сайн бичиж олон түмэнд хүргэх хэрэгтэй байна. Нийгмийн том захиалга шүү.
    2015 оны 01 сарын 19 | Хариулах