Аль ч улс оронд төрийн эрх баригчид нь ард түмэн, сонгогчдынхоо нийтлэг эрх ашигт нийцүүлэн хууль журмаа баталдаг байх ёстой. Манай Засгийн газар, УИХ-ын гишүүд 2015 оны төсвийн тодотголоо хэлэлцэж, батлахаар ажиллаж буй энэ үед иргэд, олон нийт эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй шийдвэр гаргахыг шаардаж байна. Олонхийн ойлголт эдийн засгийн хямрал гэж байгаа ч манай улсад хямрал нүүрлээгүй, одоо л эхлэх шатандаа ирчихээд байна гэж мэргэжлийн эрдэмтэн судлаачид хэлж байсан.
Үнэхээр эдийн засаг хямраад байгаа юм уу үгүй ч юм уу гэдгийг зарим төрийн түшээд нь ч өөрсдөө ойлгоогүй, будилж явсан удаатай.
Хамгийн чухал нь хямрал бус, эрх баригчдын гаргасан шийдвэр ард түмний ажил амьдралд хал балгүй байж, нийгэм, улс төр, эдийн засгийн байдал тогтвортой тайван замаар урагшлах явдал юм.
Улсын гадаад, дотоод өр зээл, хямралыг давахад төсөв танах шаардлагатай хэмээн эх хүүхдийн мөнгөнд санаархан, жирийн албан хаагчдыг цомхотголд оруулах зэрэг олон асуудал хөндөгдсөн. Үүнийхээ оронд арай өөр гарц хайж, том төрөөс ухаалаг төр лүү гэдэг шигээ жижиг асуудлаар хөөцөлдөхгүй, жижгээс том асуудал руу хандаж ажиллавал хэн хүнгүй тайван суухсан.
1700 орчим албан хаагчийг ажлаас нь халах тухай бодохын оронд, ашигтай ашиггүй төрийн мэдлийн барилга байгууламж, урлаг соёлын газруудаа зарж, түрээслэх, хувьчлах замаар зах зээлд өрсөлдөх чадварыг нь эрчимжүүлвэл унах нэг нь унаж үлдэх нэг нь үлдэх биз.
Түүнчлэн тэдгээр байгууллага байгууламжийн нэг жилийн төсөв, урсгал зардал нь ажлаас халагдах 1700 ажилтаны нэг жилийн цалингийн төсвөөс ахиу юу гэхээс дутуугүй байх нь лавтай.
Тэдгээр ажилчдын нэг сарын цалинг нэг сая төгрөгөөр тооцвол, жилдээ 20 гаруй тэрбум төгрөгийн төсөв зарцуулж байгаа юм. Энэ мөнгийг танаад ажилгүй, орлогогүй амжиргааны түвшин буурсан иргэд, айл өрхийн тоог нэмснээр төрд улам бүр дарамт болохоос ачааг нь хөнгөлөж, төсвийг хэмнэх нь юу л бол.
Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад дотоод өрийн хэмжээ огцом өсч, ирэх жилүүдэд эргэн төлөлт хийх өрийн дарамтын жилүүд болно. Үүнийг даван туулахад манай улсад мал аж ахуй, газар тариалан, байгалийн баялаг ашигт малтмалын арвин их нөөцтэй хэмээн эрдэмтэн судлаачид үзэж байгаа.
Гагцхүү зөв зохистой захиран зарцуулж, ашиглаж чадвал иргэдийн гар дээр өгч буй цөөхөн төгрөгөөсөө хумслах гэхгүй хаа хаанаа дарамтгүй ажиллаж амьдрах бололцоо бий.
Төрийн зүгээс зарим асуудалд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хувь хувьсгалын бүхий л салбарт хошуугаа дүрж, үнийн хязгаар, үйлдвэрлэлийн хязгаар гэх мэт олон зүйлд чөдөр, тушаа тавьдагаас эдийн засгийн гадаад дотоод байдал унахад хүрсэн гэж үзэх нь байна. Тухайлбал эрчим хүч, шатахуун, нүүрс, цахилгаан дулааны үнийг чөлөөлөхгүйгээр хойшид өндийхгүй.
Хүндрэлийг шүд зуун давж байж л хөнгөрөл рүү очих болохоос өнөө маргаашийг аргацаах зам үргэлж мухардалд хүргэдэг.
эх сурвалж 