Формула-1 арван найм хүрээгүй нисгэгчийг оролцуулахгүй

Олон улсын авто спортын холбооны ээлжит хурал Парист явагдлаа. Зөвлөлийн хурлаар 2016 оноос эхлэн 18-аас доош настай нисэгчийг “Formula 1”-д уралдуулахгүй байх шийдвэр гаргасан байна.

“Торо Россо” баг өнгөрсөн онд Нидерландын 17 настай Макс Вестаппеныг хоёрдугаар нисэгчээрээ сонгож авснаар маргаан дагуулсан. Тэрбээр “Formula 1”-ийн багт албан ёсоор элсэн орсон бүх цаг үеийн хамгийн залуу нисэгч болсон юм. Гэвч түүний нас, туршлага багатай гэх асуудал нь холбооны удирдлагуудын хүрээнд маргаан дэгдээсэн билээ.

Вестаппен өнгөрсөн онд Японы гран прин практик уралдаад амжилттай оролцсон бөгөөд энэ оны гуравдугаар сарын 15-нд Мелбурны гран пригаас албан ёсоор уралдаж эхэлнэ.

Олон улсын авто спортын холбоо дээрх шийдвэрээ тайлбарлахдаа “Уралдаанд оролцож байгаа автомашинууд маш хурдтай давхидаг. 18 нас хүрээгүй нисэгчид энэ өндөр хурдыг тэсвэрлэж, тогтвортой, аюулгүй уралдах эсэх нь эргэлзээтэй байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.