Харвалтын талаарх ойлголт

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлолтоор харвалт гэдэг нь гэнэт эсвэл богино хугацаанд тархины эдийн цусан хангамж дутагдсаны улмаас тархины үйл ажиллагаа саатахыг хэлнэ. Харвалтыг дотор нь цусан хангамж дутагдах харвалт, цус алдалтын харвалт гэж хуваана. Тархи биеийн бусад бүх хэсгийн үйл ажиллагааг удирддаг тул тархины эд эс үхжихэд хөдөлгөөний болон мэдрэхүйн олон өөрчлөлт гарна.

Эрсдэлт хүчин зүйлс гэж юу вэ?

Өөрчлөх боломжгүй эрсдэл хүчин зүйл:

             Нас

             Хүйс

             Арьс өнгө \ үндэс угсаа

             Генетикийн хүчин зүйл

 Өөрчлөх боломжтой эрсдэл хүчин зүйл

              Артерийн даралт ихсэх өвчин
              Тамхи таталт
              Чихрийн шижин
              Тосгуурын жирвэлзэл ба бусад зүрхний эмгэгүүд
               Цусан дахи өөх тосны хэмжээ
               Жирэмслэлтээс хамгаалах эм
               Архаг архидалт
               Хөдөлгөөний дутагдал
               Таргалалт

Ихэвчлэн ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

  • Тал биеийн мэдээ муудах, тал биеийн саа, саажилт үүсэх (нүүр, гар, хөл)
  • Хэл яриа өөрчлөгдөх: огт ярьж чадахгүй байх, эсвэл ярьж байгаа үгс нь ойлгогдохгүй байх, эсвэл хүний яриаг ойлгохгүй байх, хэл ярианы өөрчлөлт нь ихэвчлэн баруун тал биеийн мэдээ алдагдахад хавсарна
  • Хараа өөрчлөгдөх: юм хоёрлож харагдах, нэг нүд хараагүй болох, харааны талбай өөрчлөгдөх, нүд хялар болох
  •  Тэнцвэр өөрчлөгдөх: толгой эргэх, дотор муухайрч бөөлжих, чих шуугих, сонсгол өөрчлөгдөх
  • Хэл залгиурын хөдөлгөөн саажих, хахаж цацах
  • Ухаан санаа алдагдах

Харвалтаас урьдчилан сэргийлж болох уу?

Харвалт бол бүрэн сэргийлж болох эмгэг юм. Эрсдэлт хүчин зүйлсээс хамгийн гол хүчин зүйл нь цусны даралт ихдэлт бөгөөд даралтыг бүрэн хяналтандаа авч, тогтворжуулах боломжтой юм. Ер нь харвалтад нэрвэгдэгсдийн 40 хувь нь 140-өөс дээш даралттай байна гэсэн судалгаа ч байдаг. Харвалтад өртөмтгий байдал нас ахихын хэрээр нэмэгддэг ажээ. Тухайлбал 30-40 настай 100 000 хүн тутмын гурав нь харвалтад өртдөг бол 70-80 настай 100 000 хүн тутамд 300 орчим нь өвдөж байна.

Харвалтаас сэргийлэхийн тулд та дараах зүйлийг хийгээрэй:

  • Өөрийн цусны даралт, сахар болон холестериний хэмжээг эмчид тогтмол хянуулж байх (биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хоёр сар тутам, зургаан сар тутам, эсвэл жилд нэг удаа). Артерийн даралт ихсэлттэй гурван хүн тутмын нэг нь өөрийгөө даралт ихтэй гэж мэддэггүй.
  • Тамхинаас татгалзах. Тамхидалтаас болж цусны бүлэгнэлт нэмэгдэнэ. Мөн артерийн даралт ч ихэсдэг.
  • Чихрийн шижинтэй бол эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Чихрийн шижингийн улмаас тархины судаснуудад өөрчлөлт орж, харвалт үүсэх магадлал нэмэгдэнэ.
  • Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх. Ингэснээр таны зүрх бэхжиж, цусны урсгал сайжирна. Мөн биеийн жинг тогтмол хэмжээнд барихад тустай.
  • Зүрхний хавхлагын эмгэгтэй өвчтөнд антикоагулянт зөвлөнө, Хавхлагын бус ТЖ-тэй өвчтөн Аспирин тогтмол уух шаардлагатай. Олон эрсдэл хүчин зүйлтэй бол цус шингэлэх эмээс Варфарин илүү тохиромжтой. Дээрх цус шингэлэх эмүүдийг лабораторийн шинжилгээний хяналттайгаар хэрэглэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
  • Давсны хэрэглээг бууруулж, калийн хэрэглээг ихэсгэнэ. Жимс, хүнсний ногоогоор баялаг, өөх тос багатай (ханасан ба нийт өөх тос) хүнс хэрэглэнэ.
  • Идэвхтэй биеийн тамир хийх, өдөрт 30 минутаас илүү хугацаагаар дунд зэргийн эрчимтэй дасгал тогтмол хийх
  • Биеийн жингийн индекс (БЖИ) 25-29,9 кг\м2 бол ихэссэн, >30 кг\м2 бол тарган гэж үзэн жин хасна.
  • Архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх, тамхи татахгүй байх, ялангуяа жирэмслэлтээс хамгаалах гормоныг тамхитай хамт хэрэглэхгүй байх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.