Иргэний хөдөлгөөнүүд нэгдэн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж буйгаа өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Уг шаардлагад асар их өр зээл авч, Монгол улсын түүхэнд байгаагүй их мөнгийг төсвийн болон төсвийн бусаар захиран зарцуулсан хэр нь ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй, Улс орон, ард иргэдээ үгүйрүүлэн, доройтуулсан Засгийн газрын цадиггүй үйл ажиллагааны хариуцлага, ял шийтгэлийг Монголын ард түмэнд үүрүүлж төрөөс зайлшгүй тэтгэх ёстой халамжийн мөнгө, амь зогоох бүхнийг нь танаж хасаж, элдэв татвар шинээр бий болгохоор шийдвэрлэж буйг эсэргүүцэж байна.
Мөн тэд өөрсдөдөө зориулсан өршөөлийн хууль өргөн барьж, төсвийн мөнгөний үрэлгэн зарцуулалт, эрх мэдэлтэн, албан тушаалтны ёс зүйгүй урамшуулал, хангамжаа хэвээр хадгалахыг зорьж буй Шийдлийн Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах нь улс оронд бий болоод байгаа эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг засч сайжруулах эхний алхам мөн хэмээгээд уг шаардлагаа төрийн өндөрлөгүүдэд гардуулна гэлээ.
"Тусгаар Монголынхоо төлөө нэгдэгсэд”, “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн, “Монгол Монголдоо туслая” ТББ, Хохирогчдын холбоо, “Монголын Ажилчин сэхээтний холбоо” ТББ, Шударга иргэдийн фронт, Хувиараа тээвэр эрхлэгчдийн “Их зам”, Гал үндэстэн холбооныхон уг шаардлагын хариуг ирэх сарын 1-ний дотор авна гэдгээ мэдэгдлээ.
Б.Саруул