2014 оны 5-р сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 15,2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийгүргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд хамгийн түрүүнд 142 хороодод байгуулагдсан Хадгаламж зээлийн хоршоодын бичил бизнесийн төслийн санхүүжилтийн ажлыг зохион байгуулна.
Тус хөтөлбөрийн үндсэн зарчим бол иргэд өөрсдөө шийдвэр гаргах бөгөөд үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 152 хорооны иргэд хурлаа хийснээс 125 хороо нь Хадгаламж зээлийн хоршоог /ХЗХ/ шинээр үүсгэн байгуулж, 27 нь одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Өнөөдрийн байдлаар 123 хоршоо УБЕГ-т бүртгүүлээд байгаагаас 100 хоршоо Санхүүгийн зохицуулах хороонд тусгай зөвшөөрөл авах бичиг баримтаа бүрдүүлэн өгч, 22 хоршоо санхүүгийн үйлчилгэээрхлэх болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл авсан.
Тусгай зөвшөөрлөө авсан 10 Хадгаламж зээлийн хоршооны 221 төсөлд нийт 939.9 сая төгрөгийн санхүүжилтийг “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан”-гаас олгоод байгаа бөгөөд эдгээр төслийн хүрээнд шинээр 147 ажлын байр, 304 ажлын байр хадгалагдаж байна.
Үүнээс харахад энэхүү хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлсэнээр ойролцоогоор 2500 шинэ ажлын байр бий болж, 5000 ажлын байр хадгалагдахаар байна.
Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд ХЗХ-ны суурь мэдлэг олгох, бизнес эрхлэлт болон санхүүгийн анхан шатны сургалтуудыг шат дараатай зохион байгуулах, мөн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь зах зээлд гаргах ажлыг дэмжин ажиллах, хоршоо хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ